БУЛГАН: Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, "Хаврын бүх нийтээр мод тарих өдөр"-ийг тохиолдуулан тавдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Чин ван Ханддоржийн талбайд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг Булган сумаас зохион байгуулна.
Үзэсгэлэнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Баяннуур сумын Баяншугуй нөхөрлөл, Хялганат тосгоны Хялганат сум дундын ойн анги, Хангал сумын Хөвөнтөн ой ХХК, Булган сумын Маргад орхон ХХК, Тайгын үндэс ХХК, Сэлэнгэ сумын Хялганат оргил ХХК, Дархан ган жигүүр ХХК-иуд оролцох ажээ.
Шилмүүст мод буюу гацуур, хуш, нарс, шинэс, жодоо 10 000-85 000, тарьц суулгац 1000-15000 төгрөгөөр долоон аж ахуйн нэгжийн 20 гаруй төрлийн мод, бут, сөөг худалдах юм.
Мөн аймгийн Байгаль орчны газраас "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт зөвлөгөө өгч байна.
Сургалтаар “Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх ажлын мэдээлэл, мод тарихын ач холбогдол,
анхаарах зүйлс, мод тарих үндсэн алхмуудыг заажээ.