Олон улсын “Эх баригчдын өдөр” өнөөдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Олон улсын “Эх баригчдын өдөр” өнөөдөр тохиож байна.
1992 оноос жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг Олон улсын эх баригчдын өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Эх баригчийн үзүүлж буй тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох нь эх, нярайн эндэгдэл, амьгүй төрөлтийн гуравны хоёроос сэргийлж, 2035 он гэхэд жилд 4.3 сая гаруй хүний амийг аврах боломжтой болох аж. Энэ жилийн хувьд “Эх баригчид: Эх, нярайн амьдралыг аврагч” уриан дор уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай Улсын эрүүл мэндийн салбарт нийт 1115 эх баригч ажиллаж байгаагийн 39.6 хувь нь сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийнх аж. Харин 24.4 хувь нь Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, амаржих газарт ажилладаг бол 15.3 хувь нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт байна. Тэгвэл нийт төрөлтийн 99.2 хувьд нь эх барихын мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг гэсэн статистик гарчээ.
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын зорилтод туссан эх, хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулах, эрүүл мэндийг нь хамгаалах асуудалд үе үеийн Засгийн газар анхаарал хандуулж ирсний үр дүнд Монгол Улс эх, нярай, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг мянганы хөгжлийн зорилтот түвшинд хүргэн бууруулж чадсан есөн орны нэг болсон. Тодруулбал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэхэд зориулж 2021 онд 54.4 төгрөгийн хөрөнгө оруулсан бол 2022 онд энэ тоо хоёр дахин нэмэгджээ.
Эрүүл мэндийн яам, Люсембургийн хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын ХАС-ын хамтарсан 2022-2027 онд хэрэгжүүлэх “Сэргийлэх боломжтой эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд 2024 онд 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 69 үйл ажиллагааг хэрэгжүүлжээ.