Алдартай хөгжөөн дэмжигч Маноло нас нөхцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-02 09:54:39

МАДРИД, 2025 оны тавдугаар сарын 2. /ТАСС/. Хөл бөмбөгийн 10 ДАШТ-ийг газар дээрээс нь цэнгэлдэх хүрээлэнд үзсэн Испанийн алдартай хөгжөөн дэмжигч Мануэль Касерес-Артесеро 77 насандаа таалал төгссөн тухай Испанийн шигшээ багийн хэвлэлийн алба мэдээллээ.


Маноло гэдэг нэрээрээ алдаршсан тэрбээр амьсгалын замын хүндрэлийн улмаас эмнэлэгт хэдэн хоногийн турш эмчлүүлж байгаад нас барсан тухай Marca сонинд бичсэн байна.


“Гунигтай, баяртай аль ч үед биднийг үргэлж дэмжиж ирсэн хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч маань хорвоог орхин одлоо. Түүний гэр бүл, анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Тайван нойрс доо, Маноло” гэж шигшээ багийн мэдэгдэлд дурджээ.  

Талийгаач Маноло 1982 оноос хойш “Валенсиа” багийг хөгжөөн дэмжиж эхэлсэн бөгөөд 2006 он хүртэл тус багийн бүх тоглолтыг үзсэн байна. Мөн Испанийн шигшээ багийн гадаадад хийсэн тоглолтыг 1979 онд анх үзсэнээс хойш 2010 он хүртэл ганц ч тоглолтыг нь алгасаагүй ажээ.


Тэрбээр хатгаа туссан байсан учраас ӨАБНУ-д болсон ДАШТ-ий 2010 оны долоодугаар сарын 3-ны өдрийн тоглолтод шигшээ багаа дэмжиж чадаагүй юм. Маноло 10 удаагийн ДАШТ-ийг үзсэний дотор 2018 онд Орос улсад ирж байв. Харин 2022 оны Катарын ДАШТ-ийг үзэж амжаагүй ажээ. Түүнээс гадна Европын аварга шалгаруулах 8 удаагийн тэмцээнд Испанийн шигшээ багаа дэмжиж байв.


Харин гуравдугаар сарын 23-нд болсон Үндэстнүүдийн лигийн тэмцээний шөвгийн наймд учраа таарсан Испани, Нидерландын тоглолтыг үзсэн нь түүний хувьд шигшээ багаа дэмжсэн хамгийн сүүлчийн тоглолт байлаа. Уг тоглолтод испаничууд торгуулийн цохилтоор хожжээ.  

Связанные новости