“Юнайтэд Эйрлайнс” компани Токио-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. АНУ-ын “Юнайтэд Эйрлайнс” компанийн Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгийн нээлт Японы Нарита олон улсын нисэх буудалд өнөөдөр боллоо.
Нээлтийн ёслолын
үеэр Элчин сайд Б.Баярсайхан хэлсэн үгэндээ, “Энэ шинэ нислэг Монгол,
Япон хоёр улс төдийгүй Монгол Улс, АНУ-ын хооронд эдийн засгийн
хамтын ажиллагаа өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын
хүрээнд аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлж байна. Япон Улс
нь энэ бодлогын хэрэгжилтэд
гол зах зээл болж, чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Засгийн газраас “Go Mongolia” аяныг эхлүүлсэн нь жуулчдыг
татах бодитой хувь нэмэр оруулж байна” гэжээ.
Шууд нислэгийг долоо хоногт гурван удаа тодорхой хугацаанд тогтмол хийх бөгөөд Монгол Улс, Япон Улс болон Монгол Улс АНУ-ын хооронд агаарын шууд харилцааг өргөжүүлэх, иргэдийн зорчих боломжийг нэмэх, бизнес, аялал жуулчлал, соёлын харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Нээлтийн ёслолд Монгол
Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Монгол
Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Япон
Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн
засаг, шинжлэх ухааны асуудал хариуцсан Элчин зөвлөх Эван Т.Фелсинг, Япон Улсын
Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны харьяа Нарита олон улсын нисэх
буудлын захирал К.Гото, Нарита олон улсын нисэх буудлын корпорацийн Ерөнхийлөгч
А.Тамүра нар оролцжээ.