Хятадын албан тушаалтанд цаазаар авах ял оноов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-02-18 16:22:44

БЭЭЖИН, 2025 оны хоёрдугаар сарын 18 /CGTN/. Жянсу мужийн Ардын их хурлын Байнгын хорооны намын бүлгийн дарга асан Лю Ханьдунд хээл хахуулийн хэргээр цаазаар авах ял оноожээ. Хятадын төв телевизээр мэдээлснээр, тэрбээр 34 сая ам.долларын үнэ бүхий эд хөрөнгийг хувьдаа завшсан байна.


Тэрбээр гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн талаарх нарийн ширийн зүйлсийг хэлж, хулгайлагдсан хөрөнгийг эргүүлэн олж авахад тусалсан тул ялыг гүйцэтгэх хугацааг хоёр жилээр хойшлуулжээ. Лю Ханьдуны улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хууль бусаар олж авсан хөрөнгийг хураан авчээ. 


Тэрбээр 1999-2023 оны хооронд газар өмчлөх эрхийг олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглаж гуравдагч этгээдээр дамжуулан авлига авч байсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байна. Түүний үйлдлийг “улс, ард түмний эрх ашигт онц их хэмжээний хохирол учруулсан” гэж үзжээ. 


Өнгөрсөн долоо хоногт Хубэй мужийн шүүхээс Хятадын хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч асан Ли Тед 20 жил хорих ял оноожээ. Тэрбээр 2019-2021 оны хооронд 7 сая орчим ам.долларын хахууль авсан байна. 

Связанные новости