Луврын музейд хулгай оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-19 21:32:55

ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 19 /DW/. Өнөөдөр өглөө үл мэдэгдэх этгээдүүд Парис хотын Луврын музейд нэвтэрч, үнэт эдлэлүүдийг хулгайлсан тухай Францын Соёлын сайд Рашида Дати мэдэгдсэн байна.  


Le Parisien сонинд мэдээлснээр, нинжа малгай өмссөн гэмт хэрэгтнүүд Сена мөрний эрэг талаас музейн барилгад нэвтэрсэн бөгөөд энэ үед барилга засварын ажил явагдаж байжээ. Тэд нэгдүгээр давхарт орших Апполоны галерейн танхим руу шууд орохын тулд ачаа өргөгч ашигласан байна. Тэдний хоёр нь дотогш нэвтэрч, нэг нь гадаа хүлээж байжээ. Хулгайч нар Наполеон, хатан хаан Жозефина нарын үнэт эдлэлийн цуглуулгаас хүзүүний зүүлт, энгэрийн сүлбээр, эмэгтэй хүний толгойн чимэглэл зэргийг авч явсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, цуглуулга дахь хамгийн том буюу 140,64 каратын “Регентийн алмааз” алдагдаагүй байрандаа байжээ. Хулгайлагдсан үнэт эдлэлүүдийн үнийг удахгүй тогтоох бөгөөд хулгайч нар тэдгээрийг хайлуулсан байж магадгүй ажээ.


Зарим мэдээллээр, гэмт хэрэгтнүүд TMax мотоциклоор А6 хурдны замаар явж мөрөө балласан байна.


Хулгайн хэрэг гарсан тул тус музей өнөөдөр ажиллахгүй. Лувр бол жил бүр 9 сая үзэгчийг хүлээн авдаг дэлхийн хамгийн алдартай музей юм. Тус музейн Аполлоны галерейд хамгийн үнэ цэнтэй түүхэн цуглуулгууд байдаг бөгөөд тус галерей үзмэрүүдийнхээ байрлалыг өөрчилсний дараа 2020 оны нэгдүгээр сард үүд хаалга дахин нээжээ.    

 

Связанные новости