“Плэйтайм” фестивалийн товыг албан ёсоор зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-29 13:44:31

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын амьд хөгжим сонирхогчдын хүсэн хүлээдэг “Плэйтайм” наадмын товыг зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор зарлалаа.


Уг наадам ирэх долдугаар сарын 4, 5, 6, 7-нд Налайх дүүрэг дэх шинэ талбай дөрвөн өдрийн турш болно.

Энэ удаагийн наадамд 21 орны 50 гаруй гадаад хамтлаг, уран бүтээлчид оролцох ажээ. Наадмын голлох уран бүтээлчид нь пост-метал урсгалаар тоглодог Америкийн алдарт “Дийтхээвэн”, альтирнатив рок урсгалын “Тийнэж фэн клуб”, Солонгосын “Айдиотэп”, Японы алдарт “Тое”, Шведийн домогт “Вомитори”, орчин цагийн дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татаж буй залуу хамтлагийн нэг Өвөрмонголын “Нарабара” байх гэнэ.


Тэгвэл Монголоос 45 жилийн түүхтэй “Инээмсэглэл” хамтлаг, дуучин Э.Минжинсор анх удаа тайзнаа амьд хөгжмийн хамтлагтай тоглож,  17 жилийн дараа “Шөнийн галт тэрэг” эргэн ирэх нь ээ.


“Плэйтайм” наадмын “Эртэч шувуу” хямдралтай тасалбар өнөөдрөөс худалдаанд гарсан бөгөөд ирэх сарын 11 хүртэл үргэлжлэх аж. Өнгөрсөн онд тус наадмыг үерийн улмаас гурав дахь өдрөөс нь цуцалж байсан. Тэгвэл өнгөрсөн жил энгийн болон ВИП тасалбар авсан үзэгчид “Эртэч шувуу”-ын үеэр 65 хувийн хөнгөлөлттэйгээр тасалбараа авах боломжтой ажээ.


2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ таван хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой уг наадам энэ жил 40 мянган үзэгч хүлээн авч,  4000 гаруй түр ажлын байр бий болгож, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллана.              

Связанные новости