Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Орост хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-01-15 16:38:46

ПЁНЬЯН, 2024 оны нэгдүгээр сарын 15 /Yonhap/. Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хи албан ёсны айлчлал хийхээр ОХУ-д хүрэлцэн ирсэн тухай БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээлжээ. Хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа үед энэхүү айлчлал болж байна.


Чой Сон Хи ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын урилгаар Орост энэ сарын 15-17-ны өдрүүдэд айлчлахаар Пёньян хотоос ням гарагт хөдөлжээ. Төлөөлөгчдийг Москва хотноо хүрэлцэн ирэхэд ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөл болон Умард Солонгосоос Москвад суугаа Элчин сайд онгоцны буудалд угтан авлаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.


Тэрбээр 10 дугаар сард С.Лавровын Пёньянд хийсэн айлчлалын хариуд ийнхүү айлчилж байгаа бололтой. Түүний айлчлал Пёньяны зэвсгийн хөтөлбөрт Оросын талаас техникийн туслалцаа үзүүлсний хариуд Украинтай хийж буй дайнд ашиглах зэвсгийг Умард Солонгосоос Орост нийлүүлсэн гэх хардлага гараад байгаа үед болж байна.


Харин Пёньян болон Москвагийн зүгээс зэвсгийн наймаатай холбоотой мэдээллийг үгүйсгэсээр байгаа юм.


Орос саяхан Украин руу Умард Солонгосын баллистик пуужинг харвасан гэж өнгөрсөн долоо хоногт Цагаан ордон мэдэгдсэн бөгөөд урьд нь 12 дугаар сарын 30, нэгдүгээр сарын 2-нд ийм төрлийн пуужин харвасныг дурджээ.


Түүнчлэн Чой Сон Хи, С.Лавров нар В.Путиний Умард Солонгост айлчлах боломжийн талаар хэлэлцэх эсэх нь олны анхаарлыг татаж байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Оросын Восточный сансрын хөлгийн буудалд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Жөн Ун Оросын Ерөнхийлөгчийг Умард Солонгост айлчлахыг урьсан бөгөөд В.Путин урилгыг хүлээн авсан юм.


Владивостокт болсон анхны дээд хэмжээний уулзалтын үеэр Пёньянд айлчлах Ким Жөн Ун саналыг В.Путин хүлээж авсан тухай 2019 оны дөрөвдүгээр сард Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээлж байв. Гэвч тухайн үед Кремль уг мэдээллийг батлаагүй бөгөөд В.Путин ч Умард Солонгост айлчлаагүй юм.


Умард Солонгосын удирдагч жилийн эцэст явуулдаг намын хурлын үеэр АНУ-ын эсрэг зогсож буй улс орнуудтай эв санааны нэгдлээ бэхжүүлэхээ амласан байна. Тэрбээр Сөүл, Вашингтон, Токиогийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа бэхжиж байгааг харгалзан Хятад, Оростой харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна.


Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яам Ким-Путин нарын дээд хэмжээний уулзалтын дараа Пёньян, Москвагийн хооронд зэвсгийн наймаатай холбоотой “хууль бус хамтын ажиллагаа өрнөхөөс сэрэмжлүүлж байсан юм. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ку Бён Сам ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Чой Сон Хигийн Орост хийж буй айлчлалыг (олон улсын хамтын нийгэмлэг) анхааралтай ажиглаж байгаа гэдгийг Умард Солонгос, Орос мэдэж байх хэрэгтэй гэсэн байна.

Связанные новости