Японы засгийн газрын гурван сайд огцорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-12-14 11:17:35

ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /Kyodo/. Японы эрх баригч Либерал ардчилсан намын (ЛАН) дотоодод дэгдсэн улс төрийн хандивтай холбоотой дуулианы улмаас Засгийн газрын гурван сайд огцрох хүсэлтээ өглөө. 


Тодруулбал, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Нишимүра Ясүтоши, Хөдөө аж ахуйн сайд Мияшита Ичиро, Засаг захиргааны хэрэг эрхэлсэн сайд Сүзүки Жюнжи нар огцрохоо мэдэгдсэн байна. 


Дээрх дуулианд Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн тэргүүлж байсан хамгийн том фракц зэрэг ЛАН-ын хэд хэдэн фракцын гишүүд холбогдоод байгаа юм. Ойрын үед Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга, засгийн газрын “хоёр дахь хүн” Мацүно Хироказү болон таван дэд сайд огцорч магадгүй байна. Бүх яам, агентлагийн үйл ажиллагааг зохицуулдаг, мөн засгийн газрын нэрийн өмнөөс өдөрт хоёр удаа хэвлэлийн бага хурал хийдэг дээрх чухал албан тушаалд Гадаад хэргийн сайд асан Хаяши Ёшимасаг томилох төлөвтэй байна.


Албан тушаалаасаа огцорч буй улстөрчид бүгд Абэгийн фракцын гишүүд юм. Үүнээс гадна тус фракцын бас нэгэн нэр хүндтэй гишүүн болох ЛАН-ын Улс төрийн зөвлөлийн тэргүүн Хагиуда Коичи огцрох төлөвтэй байна. Мөн парламентын дээд танхим дахь ЛАН-ын бүлгийн дарга Сэко Хирошигэ, ЛАН-ын парламенттай харилцах хорооны дарга Такаги Цүёши нар бас албан тушаалаа өгч магадгүй байна.


Н.Ясүтоши огцрох хүсэлтээ өгснийхөө дараа, иргэдийн дунд хардлага сэрдлэг төрүүлж буй нөхцөл байдлыг тодруулахын тулд ийм үйлдэл хийсэн гэдгээ тайлбарлаж, шаардлагатай бол мөрдөн шалгах ажиллагааны явцад хамтран ажиллана гэдгээ мэдэгдэв. Харин М.Ичирогийн хувьд, түүний улс төрийн сангийн үйл ажиллагаа зөв голдрилоор явж байсан боловч одоо үүсээд буй нөхцөл байдал нь бодлогын хэрэгжилтэд нөлөөлж болзошгүй тул огцрох шийдвэр гаргасан ажээ.


Сүүлийн үед Японы эрх баригч намын улс төрийн хандив цуглуулах явцад гарсан зөрчил, “буцаан олголт”-ыг тойрсон томоохон дуулиан дэгдээд байгаа билээ. Тус нам гишүүддээ хандив цуглуулах квот тогтоодог бөгөөд уг хандивыг хүлээн авалт, үдэшлэгний тасалбарын борлуулалтаас босгодог аж. Зарим улстөрчийн квот хэтрэх тохиолдол гардаг ба бодитоор цуглуулсан хэмжээ болон квотын зөрүүг санхүүгийн баримтад тусгахгүйгээр улстөрчдөд "буцаан олголт" хэлбэрээр шилжүүлсэн эсвэл улс төрийн нууц санд ашигласан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.


Yomiuri сонинд мэдээлснээр, 1 тэрбум иенийн (7 сая гаруй ам.доллар) талаар тайлагнаагүй Абэгийн фракцаас гадна ЛАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Никай Тошихирогийн фракц 100 сая иен (700 гаруй мянган ам.доллар), одоогийн засгийн газрын тэргүүн Кишида Фүмиогийн 2012 оноос 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл тэргүүлж байсан фракц 20 саяас 30 сая иенийг (137 мянга - 205 мянган ам.доллар) тайландаа тусгаагүй байна. 


Никай, Кишида нарын фракцууд тогтоосон хэмжээнээс хэтэрсэн хандивыг тайландаа тусгаагүй боловч Абэгийн фракцаас ялгаатай нь гэвэл, фракцын зардал, гишүүдийн орлогод бүртгэсэн ажээ. 

Связанные новости