Словакийн хөлбөмбөгчид ЕВРО-2024 тэмцээнд оролцох эрхээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-17 11:10:44

БРАТИСЛАВ, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /TASS/.  Словакийн шигшээ баг 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Исландын багийг 4:2-оор буулган авлаа.


Словакийн шигшээгийн Юрай Куцка (30 дахь минутад), Ондрей Дуда (торгуулийн цохилтоор 36’), Лукас Гараслин (47’, 55’) нар болон хожигдсон багаас Орри Аускарссон (17’), Андри Гуджонсен (74’) нар тус тус гоол оруулжээ.


Ийнхүү Словакийн шигшээ баг 19 оноотой болжJ хэсгийн чансааны хоёрдугаарт бичигдсэнээр 2024 оны Европын АШТ-ий шигшээ тоглолтод оролцох эрхээ авлаа.


Үүнээс өмнө Австри, Бельги, Португал, Франц, Испани, Шотланд, Турк, Англи, Унгарын багууд ЕВРО-2024-т оролцох эрхээ авсан юм. Мөн Германы баг талбайн эзний хувиар эрхээ шууд авчээ.


Сонгон шалгаруулалтын шатны 10 хэсэг бүрээс хоёр шилдэг баг тивийн АШТ-д оролцох эрх авна. Мөн үлдсэн гурван оролцогчийг Үндэстнүүдийн лигийн плей-оффын дүнгээр тодруулах юм.


УЕФА болон ФИФА-ийн удирдлагууд Украинд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны хоёрдугаар сард Оросын клубууд ба шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцохыг түр хориглосон билээ. Европын хөл бөмбөгийн АШТ нь 2024 оны зургаадугаар сарын 14-өөс долоодугаар сарын 14-нд Герман улсад болно.



Связанные новости