Европын орнууд “Нэг бүс нэг зам”-тай адил хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2023 оны аравдугаар сарын 20 /Bloomberg/. Европын Холбооны эрх баригчид Хятадын “Нэг бүс нэг зам” санаачилгатай адил хөтөлбөр бий болгох талаар хэлэлцэхээр энэ сарын 25-26-ны өдрүүдэд Брюссель хотноо “Global Gateway” чуулга уулзалтыг зохион байгуулна гэж Bloomberg агентлаг ЕХ-ны удирдлага дахь эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
“ЕХ-ны хувьд стратегийн ач холбогдолтой бүс нутгуудыг Хятадтай өрсөлдүүлэхэд чиглэсэн” дээд түвшний уг чуулганд “20 орчим улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар” оролцох төлөвтэй байна.
Чуулга уулзалтад Бангладеш, Намиби, Молдава, Сенегал зэрэг улсын удирдагчид оролцоно гэдгээ хэдийнээ мэдэгджээ. Мөн Orange, Telefonica (харилцаа холбооны технологи), Allianz (даатгал), Siemens болон Alstom (механик инженерчлэл), Danone (хүнсний үйлдвэрлэл), Enel (эрчим хүч) зэрэг ЕХ-ны томоохон корпорацуудын төлөөлөгчид оролцоно.
Bloomberg агентлагийн мэдээлснээр, ЕХ мөн чуулга уулзалтын үеэр Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ), Замби улстай “чухал түүхий эд” нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Дээр дурдсан орнуудтай хоёр санамж бичигт гарын үсэг зурах бөгөөд энэ нь "чухал түүхий эдийг олж авах боломжийг хялбаршуулна" гэж үзэж байгаа бол "ЕХ өөр ханган нийлүүлэгч олохыг хичээж байна". "Эдгээр баримт бичиг нь БНАКУ, Замби улсыг Атлантын далайн эрэг дээрх Анголын Лобито боомттой холбосон Африкт тээврийн коридорыг хөгжүүлэх ЕХ-ны өргөн хүрээний хөтөлбөрийн нэг хэсэг болно гэж тус агентлагийн эх сурвалж мэдээлжээ.