Нацист үзэлтнийг урьсан явдалд Канадын Нийтийн танхимын дарга буруутай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-25 09:55:28

ОТТАВА. /TASS/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн ажлын албанаас мэдэгдэл гаргаж, парламентын ордонд нацист үзэлтнийг урьсан явдалд Нийтийн танхимын (доод танхим) дарга Энтони Ротаг буруутгажээ. 


"Нийтийн танхимын спикер уучлалт хүсэж, нацистыг парламентад урьсандаа бүрэн хариуцлага хүлээсэн. Энэ нь зөв" гэж мэдэгдэлд дурджээ.


СС-ийн "Галиция" дивизид (мөн "Галичина" гэж нэрлэдэг) алба хааж байсан Украины нацист үзэлтнийг хууль тогтоох байгууллагад урьсандаа Энтони Рота өчигдөр уучлалт гуйж, энэ нь түүний хувийн санаачилга байсан бөгөөд Украины парламентын гишүүд болон төлөөлөгчид энэ талаар мэдээгүй, оролцоогүй гэж мэдэгджээ. 


Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сарын 22-нд Канадын парламентад үг хэлэх үеэр танхимд буй хүмүүс Дэлхийн II дайны үед СС-ийн "Галиция" дивиз буюу Украины 1-р дивизэд алба хааж байсан 98 настай Украины үндсэрхэг үзэлтэнтэй мэндчилж буйг харуулсан гэрэл зургуудыг “Associated Press” агентлаг нийтэлсэн байна. Гэрэл зургуудын нэгнийх нь дор “Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар Дэлхийн II дайны үед Украины 1-р дивизэд алба хааж байсан, улмаар Канад руу цагаачилсан Ярослав Хункатай мэндчилж байна” гэж бичсэн байжээ. 


СС-ийн "Галиция" дивизийг баруун украинчууд 1943 онд байгуулж байжээ. 1944 оны долоодугаар сард Бродын тулалдаанд бараг бүрэн сүйрсэн боловч дараа нь шинэчлэн байгуулагдаж, Австри, Словак, Югославт байлдааны ажиллагаанд оролцсон байна. 1945 оны дөрөвдүгээр сард тус дивизийн цэргүүдийг СС-ийн бүрэлдэхүүнээс гаргаж, Украины 1-р дивиз хэмээн нэрлэсэн байна. Гэвч удалгүй тус дивиз тавдугаар сард Их Британи, АНУ-ын холбоотны армид бууж өгчээ.

Связанные новости