Жо Байден Хятадын Ерөнхий сайд Ли Чянтай уулзахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-08 15:22:28

ВАШИНГТОН. /Bloomberg/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Энэтхэгт болох “Хорийн бүлэг”-ийн (G20) дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзахгүй гэж Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан мэдэгдлээ. 


Сүүлийн жилүүдэд Хятадын иргэд АНУ-ын цэргийн байгууламжууд руу нэвтэрсэн гэх "The Wall Street Journal" сэтгүүлийн мэдээлэлд тэрбээр тайлбар хийхдээ "Одоогоор бидэнд АНУ-ын Ерөнхийлөгч, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нарын уулзалтыг зохион байгуулах төлөвлөгөө байхгүй байна" гэж мэдэгдсэн байна. 


БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалтыг алгасахаар шийдвэрлэсэн тул түүнтэй ярилцах боломжгүй болсонд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сэтгэл дундуур байгааг Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбоог зохицуулагч Жон Кирби урьд нь мэдэгдсэн юм. 


Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уг уулзалтад оролцохгүйг далимдуулан Америкийн удирдагч Бразил, Энэтхэг, Индонез, Өмнөд Африктай холбоо тогтоохыг зорьж байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ. 


“G20”-ийн дээд хэмжээний уулзалт Энэтхэгийн нийслэл хотод есдүгээр сарын 9-10-нд болно. Энэтхэг улс 2022 оны 12 дугаар сарын 1-нээс “G20”-ийг даргалж байгаа билээ. Энэ удаагийн уулзалтад бүх гишүүн орон болон Бангладеш, Египет, Испани, Маврики, Нигери, Нидерланд, АНЭУ, Оман, Сингапур гэсэн есөн улсын  удирдагчдыг урьжээ. ОХУ-ыг Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ыг Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар төлөөлөн оролцоно. 


Связанные новости