Нобелийн сан шийдвэрээ цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /ВВС/. Нобелийн шагналыг гардуулсны дараа Стокхолм хотноо болдог
хүлээн авалтад Орос, Беларусь, Ираны Элчин сайдуудыг урих шийдвэрээ Нобелийн
сан цуцалжээ.
Швед ба Норвегид дипломат төлөөлөгчдийн газрууд нь байрладаг дээрх гурван улсын Элчин сайд нарыг хүлээн авалтад урих шийдвэрийг тус
сангаас баасан гарагт гаргасан нь олон нийтийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Эл шийдвэрийг Украинд ширүүн шүүмжилсэн бол Шведийн гурван
улс төрийн намын дарга нар “Орос, Беларусь, Ираны Элчин сайд нарт илгээх урилгаа
цуцлахгүй бол хүлээн авалтад оролцохгүй” хэмээн бойкот хийжээ.
Тэр ч бүү хэл уг арга хэмжээг алгасдаггүй Шведийн хаан хүртэл хүлээн авалтад оролцох эсэх нь эргэлзээтэй болжээ.
Энэ мэт шалтгаанаас үүдэн Нобелийн сангаас урилгаа цуцалсан
даруйд Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж, уг
шийдвэрийг “хүнлэг ёсны ялалт” гэж тодорхойлоод Шведийн жишээг дагахыг Норвеги
улсад уриалжээ. Нобелийн шагналыг олгох ёслол Норвегид болдог бөгөөд Оросын Элчин сайдад өгсөн урилга хүчинтэй хэвээр байгаа юм.
Дээрх гурван улсын төлөөлөгчдийг хүлээн авалтад урих шийдвэрээ
Нобелийн сангийн Гүйцэтгэх захирал Видар Хельгесен тайлбарлахдаа “янз бүрийн
үзэл бодолтой хүмүүс хоорондоо харилцан ярилцах нь улам бүр хумигдаж, дэлхий
дахин янз бүрийн хүрээллүүдэд хуваагдаж байна. Ийм хандлагыг зогсоохын
тулд бид урилга хүлээн авагчдын хүрээг тэлж байгаа бөгөөд энэ нь чөлөөт шинжлэх
ухаан, чөлөөт соёл, чөлөөт нийгмийн ач холбогдол, Нобелийн шагналын ач холбогдлыг
таниулах зорилготой” гэж байсан юм.
Харин Европын парламентад Шведийн Либерал намаас сонгогдсон
гишүүн Карин Карлсбро үүнийг эсэргүүцэж “Нобелийн сан аюултай жишгийг бий
болгож байна” гэж буруутгажээ.