Кэмп-Дэвидийн уулзалтын төгсгөлд гурван тал хамтарсан мэдэгдэл гаргалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. Баасан гарагт Вашингтоны хаяа хот болох Кэмп-Дэвидэд түүхэнд анх удаа АНУ, БНСУ, Япон улсын удирдагчдын гурван талт дээд хэмжээний уулзалт болж өнгөрлөө.
"Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын удирдагчид бид гурван талын
түншлэлд шинэ эрин үеийг нээхийн тулд Кэмп-Дэвидэд хуран цугларлаа. Геополитикийн
өрсөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, Украины эсрэг Оросын түрэмгий дайн, цөмийн
өдөөн хатгалга биднийг сорьж буй түүхийн эргэлтийн үед энэ үйл явдал болж байна”
гэж аюулгүй байдлын асуудлаарх тус уулзалтын үр дүнгийн талаарх хамтарсан
мэдэгдэлд дурджээ.
Гурван улсын удирдагчид хямралт нөхцөл байдал үүссэн
тохиолдолд шуурхай харилцан зөвлөлдөж, талуудын нийтлэг эрх ашгийг хөндөж буй бүс нутагт
тулгарсан сорилтууд, өдөөн хатгалга, аюулын эсрэг авах хариу арга хэмжээг уялдуулан
зохицуулахаар тохиролцсон байна.
Мөн жил бүр гурван талын хамтарсан цэргийн сургуулилт
явуулах, Умард Солонгосын пуужингийн талаар мэдээлэл солилцож байхаар АНУ-ын Ерөнхийлөгч
Ж.Байден, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ель, Япон улсын Ерөнхий сайд
Фүмио Кишида нар тохиролцжээ. Түүнчлэн гурван талт саммитыг жил бүр зохион
байгуулахаар төлөвлөж байна. Хятад ба Умард Солонгосын зүгээс өсөн нэмэгдэж буй
аюул заналын эсрэг эв нэгдэлтэй байгаагаа харуулахын тулд Байдены засаг захиргаа
гол холбоотон улсуудтайгаа энэ удаагийн саммитыг зохион байгууллаа гэж VOA агентлагийн
мэдээнд дурджээ.
Хамтарсан мэдэгдэлд Хятадын талаар төсөөлж байснаас илүү
хатуу ширүүн үг
хэллэгүүдийг хэрэглэсэн нь Өмнөд Солонгос, Япон хоёрын аль алиных нь хувьд
худалдааны чухал түнш болох Бээжингийн дургүйцлийг хүргэж болзошгүй юм.
“БНХАУ-ын зүгээс Өмнөд Хятадын тэнгисийн талаар хууль бус
шаардлага тавьж, аюултай бөгөөд түрэмгий хандлага гаргаж байгаа тухайд, Энэтхэг-Номхон
далайн бүс нутагт бий болсон статус-квог өөрчлөх гэсэн нэг талын аливаа оролдлогыг бид эрс шийдвэртэй эсэргүүцэж
байна” хэмээн хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн Оросын өдөөсөн дайн нь олон улсын харилцаан
дэг журмын үндэс суурийг ганхууллаа гэж мэдэгдэлд дүгнэсэн байна. АНУ, Япон, Өмнөд Солонгос гурав
Украиныг цаашид дэмжиж, Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, Оросын эрчим хүчний
эх үүсвэрүүдээс хамаарах байдлыг бууруулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.
“Гурван талын хамтын ажиллагаанд шинэ эринийг эхлүүлэхийн
тулд Кэмп-Дэвидэд уулзахаас илүү сайн хувилбарыг бодож олж чадахгүй нь, энэ бол
Кэмп-Дэвидэд миний зохион байгуулж анхны саммит төдийгүй Япон, Өмнөд Солонгос,
АНУ-ын удирдагчдын түүхэн дэх анхны тусгайлсан дээд хэмжээний уулзалт” гэж Жо
Байден онцлон тэмдэглэлээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл хэлэхдээ, гурван талт түншлэлийг хөгжүүлэхийн
тулд институцийн илүү бат бөх суурийг
бий болгохыг уриаллаа.
"Олон улсын хамтын нийгэмлэг түүхэн дэх эргэлтийн үетэй нүүр
тулж байна. Гурван талын стратегийн хамтын ажиллагааны чадавх боломжийг бүрэн
нээхийн тулд аюулгүй байдлын салбар дахь уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй”
гэж Японы Ерөнхий сайд Фүмио Кишида хэллээ. Тэрбээр мөн түймэрт нэрвэгдсэн Мауи
арлыг сэргээн босгоход зориулж Япон улс 2 сая доллар хандивлаж буйг мэдэгджээ.
Байден, Кишида нар саяхан эцэг нь нас барсантай
холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид гүн эмгэнэл
илэрхийлэв.