Түрэмгийллийг няцаахын тулд Буркина-Фасо, Мали улсууд байлдааны онгоцуудаа илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
РАБАТ. /ТАСС/. Нижер улстай эв санааны нэгдэлтэй байгаагаа
илэрхийлж, гадны аливаа түрэмгийллийг няцаахын тулд тус улсын нутаг дэвсгэрт байлдааны
онгоцуудаа байрлуулсан гэдгээ Буркина-Фасо ба Мали улсын эрх баригчид мэдэгджээ.
Энэ тухай Нижерийн телевизийн RTN суваг өчигдөр орой мэдээллээ.
Байлдааны онгоцуудаа байрлуулсан нь Нижертэй хамтран гаргасан
мэдэгдлийн дагуу хүлээсэн үүрэг амлалтаа тус хоёр улс хэрэгжүүлж буйн илрэл
гэдгийг телевизийн мэдээнд дурджээ.
Үүний сацуу Нижерийн нийслэл Ниамей хотноо Мали,
Буркина-Фасо, Нижерийн зэвсэгт хүчний Жанжин штабын офицеруудын уулзалт болж, Баруун
Африкийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн /ECOWAS/ орнуудын зүгээс үйлдэж болзошгүй
цэргийн түрэмгийллийг няцаах төлөвлөгөөг эцэслэн баталсан байна.
“Энэхүү уулзалт нь ах дүү гурван улсын удирдагчид Нижер улс
ба түүний ард түмнийг аливаа хэлбэрийн түрэмгийллээс хамгаалах шийдвэр төгс
байгааг харууллаа” гэж Нижерийн телевизийн сувгийн мэдээнд дурджээ.
Өчигдөр ЭКОВАС-ын гишүүн орнуудын зэвсэгт хүчний Жанжин штабын
дарга нарын уулзалт Гана улсын нийслэлд болж, Нижерт Үндсэн хуулийн дэг журмыг
сэргээн тогтоохын тулд цэргийн ажиллагаа явуулж эхлэх товыг тохиролцсон боловч
зарлаагүй байгаа юм. Өнөөдөр ЭКОВАС-ын төлөөлөгчид Нижерт очиж, төрийн эргэлт
хийсэн үймээн дэгдээгчидтэй уулзах ажээ.
Харин Буркина-Фасо ба Малигийн удирдагчид 7 дугаар сарын сүүлчээр
мэдэгдэхдээ, Нижерт цэргийн интервенц хийх гэсэн аливаа оролдлогыг өөрсдийнх нь улсын
эсрэг дайн зарласантай адилтган үзнэ гэсэн юм.