Нижерийн үймээн дэгдээгчид агаарын орон зайг хаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН./ВВС/. Нижер улсад төрийн эргэлт хийсэн цэргийнхэн тус улсын агаарын орон зайг хааж, нислэг үйлдэхийг хориглох шийдвэр гаргасан байна. Энэ нь хөрш орнуудын зүгээс Нижер рүү цэргийн хүчээр халдан довтолж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэй ажээ.
Хэдэн хоногийн өмнө Баруун Африкийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн /ЭКОВАС/ гишүүн орнуудаас Нижерийн үймээн дэгдээгчдэд тулган шаардах бичиг илгээж, ням гарагийн орой гэхэд ерөнхийлөгч Мохамед Базум-ыг албан тушаалд нь эргүүлэн ажиллуулахыг шаардсан бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хүч хэрэглэнэ гэдгийг анхааруулсан байна. Үүний хариуд үймээн дэгдээгчид мэдэгдэхдээ “Нижерийн зэвсэгт хүчин улс орноо хамгаалахад бэлэн байгаа бөгөөд агаарын хилийг зөрчих гэсэн аливаа оролдлогод нэн даруй хариу өгнө” гэжээ.
Нижерийн хууль ёсны төрийн тэргүүн М.Базум 7 дугаар сарын 26-нд Ерөнхийлөгчийн ордонд байхдаа баривчлагдсаны дараа генерал Тчиани өөрийгөө төрийн тэргүүн болсныг зарласан юм. Цэргийнхний эл үйлдлийг НҮБ, АНУ, Европын Холбоо, Франц улс буруушаасан ба үймээн дэгдээгчдийг дэмжиж буй Буркина-Фасо улсад үзүүлж буй тусламжаа Францын тал зогсоожээ.
Ням гарагт төрийн эргэлтийг
дэмжигч олон мянган хүн нийслэл Ниамей хот дахь цэнгэлдэх хүрээлэнд цугларчээ. Тэдний
дотор олон хүн Оросын төрийн далбааг барьсан байв, харин ОХУ төрийн эргэлтийг
буруушаасан юм.