Саудын Араб 2030 онд хөл бөмбөгийн ДАШТ зохион байгуулах хүсэлтээ татжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЭР-РИЯД. /Marca/. Саудын Араб 2030 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулах хүсэлтээ татжээ.
Тус улс уг тэмцээнийг Грек, Египет улсуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, пүрэв гарагт Саудын Арабын Гадаад хэргийн сайд Португал, Испани, Марокко улсууд хамтран өрсөлдөж байгаа үед шалгарах боломж бага гэж үзэн сонгон шалгаруулалтаас гарч байгаагаа түншүүддээ мэдэгдсэн байна.
Өмнөд Америкийн орнуудаас Аргентин, Уругвай, Чили, Парагвай улсууд 2030 оны ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ.
2030 онд 100 жилийн ой нь тохиох хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах орнуудыг 2024 оны есдүгээр сард зарлана.