Дональд Трамп шүүх хурлын дараа дэмжигчдэдээ хандаж үг хэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-12 11:10:00

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп зургаадугаар сарын 13-нд дэмжигчдэдээ хандаж үг хэлнэ гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Лиз Харингтон “Twitter хуудсандаа ням гарагт мэдээлжээ. Үүнээс өмнө нууц баримт бичгийн хэргээр  Д.Трампад шинэ ял тулгах  шүүх хурал Майами муж улсад болох юм.


"Дональд Трамп зургаадугаар сарын 13-нд Нью-Жерси муж улсын Бедминстер хотын гольфийн клубт 20.15 цагт үг хэлнэ" гэж түүний хэвлэлийн төлөөлөгч бичжээ.


Флоридагийн Өмнөд тойргийн шүүхийн цахим мэдээллийн санд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тавигдсан яллах дүгнэлтэд дурдсанаар, АНУ-ын хууль сахиулах байгууллагууд Д.Трамп болон түүний туслах Уолт Наутыг 38 зүйл ангиар буруутгажээ. Өнгөрсөн оны наймдугаар сард Флорида дахь Д.Трампын Мар-а-Лаго эдлэнд хийсэн нэгжлэгийн үеэр Холбооны улсын мөрдөх товчоо нийт 102 баримт бичгийг хураан авсны 27 нь АНУ-ын Ерөнхийлөгч асны албан өрөөнд, 75 нь агуулахын өрөөнд хадгалагдаж байсан бөгөөд 17 нь “маш нууц” гэсэн тэмдэглэгээтэй байсан гэж уг дүгнэлтэд дурдсан байна. 


Бүгд найрамдах намын улс төрч Д.Трамп төрийн тэргүүний хувьд өөрт буй бүх баримт бичгийг задруулах эрх мэдэлтэй байсан тул ямар нэгэн хууль зөрчөөгүй гэдгээ мэдэгджээ. Гэсэн хэдий ч цөмийн салбартай холбоотой баримт бичиг нь түүний эрх мэдэлд хамаарахгүй байна. Чухамхүү ийм ангилалд хамаарах баримт бичгүүдийг Мар-а-Лагогоос олсон гэж шүүхийн мэдэгдэлд дурджээ. Ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа Д.Трамп өөрт нь тулгаж буй ялыг Ардчилсан намын Жо Байден тэргүүтэй АНУ-ын одоогийн засаг захиргаанаас өдөөн хатгасан улс төрийн шийдвэр хэмээн тодорхойлжээ.

Связанные новости