Монголын эдийн засгийн бодит өсөлт 3.3 хувь болж буурна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол дахь Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгчийн Газарт Зүүн Ази Номхон Далайн бүсийн эдийн засгийн тоймыг танилцууллаа.
Дэлхийн банк энэ удаагийн ээлжит тайландаа Зүүн Ази, Номхон далайн улс орнуудын эдийн засгийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөтлөгч хэвээр байгаа бөгөөд өсөлтийн 2/5 хувийг дангаараа бүрдүүлж буйг онцлов. Өнгөрсөн онд Зүүн Ази, Номхон далайн улс орнуудын эдийн засгийн өсөлт 6.8 хувтай гарсан бол энэ оны эцэст бага зэрэг удааширч 6.5 хувьтай гарах хүлээлттэй байгаа аж. Түүнчлэн тухайн бүс нутгийн орнуудад эдийн засгийн идэвхжил харилцан адилгүй байгааг дурдлаа. Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд 7 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд цаашид алгуур саарахаар байна. Энэ нь Хятад улс эдийн засгаа илүү хэрэглээ, үйлчилгээний салбарт тулгуурлах зорилготой хэрэгжүүлж буй бүтцийн өөрчлөлтийн бодлогоос голлон шалтгаалж буйг тодотгов.
Харин Монгол Улсын хувьд эдийн засгийн бодит өсөлт оны эхний хагаст 3 хувь болж буурсан нь хөрөнгө оруулалт болон хэрэглээний өсөлт саарснаас үүдэлтэй гэж дүгнэжээ. Мөн зэсийн экспортоос шалтгаалан уул, уурхайн салбар 16.5 хувиар өсч, бусад салбарын үйлдвэрлэл 0.2 хувиар агшсан үзүүлэлт гарчээ. Тухайлбал хөдөө аж ахуйн салбар жилийн 9 хувиар өссөн бол худалдаа болон тээврийн салбарууд 7.6 хувь, 4 хувиар тус тус агшчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн салбаруудын идэвхжил харилцан адилгүй байгааг Дэлхийн банк онцолсон байна.
Эдийн засгийн бодит өсөлт энэ оны эцэст 4.4 хувь байхаар өмнө нь төсөөлөгдөж байсан бол шинэчилсэн төсөөллөөр 3.3 хувь болж буурах урьдчилсан төлөв гарчээ. Урсгал тэнцлийн алдагдал энэ онд ДНБ-ий 6-7 хувьд хүрч буурах төсөөлөл байгаа ч ирэх онд уул, уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас хамаарсан импортын өсөлтөөс шалтгаалж эргэн өсөх төлөв ажиглагдаж байгааг тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл Оюу Толгойн далд уурхайн төсөл 2016 онд ГШХО-ын орох урсгалыг сэргээж, эдийн засгийн урт хугацааны өсөлтийн төлөвт дэмжлэг үзүүлэх хүлээлт байна.
Гадаад секторын хүндрэл, төсвийн орлого их хэмжээгээр тасалдсан, түүхий эдийн үнийн буурсан зэрэг олон сорилтууд Монголын эдийн засагт тулгарсаар байгааг хэллээ. Их хэмжээний хуримтлагдсан гадаад өр 2017 онд эргэн төлөгдөх хуваарьтай зэрэг нь төлбөрийн тэнцлийн хүндрэл үргэлжлэх нөхцлийг бүрдүүлэхээр байгааг анхаарууллаа.
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Комментарии