Я.Содбаатар: МАН-ын Удирдах зөвлөлөөс байгуулсан ажлын хэсэг намын эв нэгдлийг хангаж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-28 17:05:14

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо.


Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан юм. Тэрбээр, “Удирдах зөвлөлийн хуралдаан 5 цаг үргэлжиллээ. Тус хуралдаанаар МАН-ын дотоод асуудал болон улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой асуудлуудыг авч хэлэлцсэн. Ялангуяа, ирэх оны төсвийг хөндөж ярилаа. Мөн эмч, багш нарын ажил хаялт болон шатахууны хангамжтай холбоотой асуудлыг ярилцаад, ойрын хугацаанд эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ.


Ингээд уг хуралдаанаас намын ахмад зүтгэлтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулахаар тогтлоо. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар ахалж ажиллана. Бүрэлдэхүүнд Б.Даш-Ёндон, С.Баяр, М.Энхболд, Ц.Нямдорж, Н.Энхбаяр нарын ахмадууд багтсан. Тус ажлын хэсэг намын эв нэгдлийг хангах чиглэлд анхаарч ажиллана.


МАН их хурлаа 11 дүгээр сарын 15, 16-нд хуралдуулна. Их хурлын төлөөлөгчийг сонгох ажил ид үргэлжилж байна” гэлээ.

Связанные новости