Гүржийн Ерөнхийлөгч гадаадын агентуудын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн иргэдээ дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТБИЛИСИ. /Anadolu/. Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили гадаадын агентуудын тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр энэ хуулийн төслийг парламентаар баталбал хориг тавина гэдгээ амласан байна.
“Миний нэг бус удаа зогсон байсан Руставелигийн өргөн чөлөөнд энэ үдэш зогсож байгаа та бүхэнд би хандаж байна. Өнөөдөр би Нью-Йоркт зогсож байна, миний ард Эрх чөлөөний хөшөө байна. Энэ бол Гүржийн үргэлж тэмцэж ирсэн зүйлийн бэлгэдэл бөгөөд өнөөдрийг хүртэл бид энэ бүхний төлөө тэмцэж ирсэн юм. Өнөөдөр та бүхэн эрх чөлөөт Гүрж орныг төлөөлж байгаа тул би та бүхэнтэй хамт байна" гэж С.Зурабишвили дүрс бичлэгээр мэдэгджээ.
Гүржийн төрийн тэргүүн мөн гадаадын агентуудын тухай хуулийн төслийг цуцлах ёстой гэж нэмж хэлээд хориг тавина гэдгээ мэдэгджээ. Тэрбээр мөн уг төслийг дүгнэлт гаргуулахаар Венецийн комисс руу илгээх шаардлагагүй, зүйл заалтаар нь ч авч хэлэлцэх ёсгүй гэж тэмдэглэсэн байна.
С.Зурабишвили гуравдугаар сарын 5-наас Нью-Йоркт ажлын айлчлал хийж байгаа бөгөөд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганд оролцож байгаа юм. Тэрбээр АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Йелийн болон Харвардын их сургуульд зочлох ёстой байсан ч эсэргүүцлийн жагсаалын улмаас Нью-Йоркт хийх бүх уулзалтаа цуцалсан байна. Гүржийн Ерөнхийлөгч мөн өөр олон орны эмэгтэй удирдагчидтай хоёр талын хэлэлцээ хийхээр төлөвлөж байжээ.
Гадаадын агентуудын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Гүржийн нийслэл Тбилисид гуравдугаар сарын 7-ны мягмар гарагт парламентын ордны дэргэд болжээ. Уг хуулийн төслийг тус улсын парламент анхны хэлэлцүүлгээр дэмжсэний дараа жагсаалын нөхцөл байдал хурцадсан байна. Жагсагчид парламентын ордон руу дайран орохыг оролдож улмаар цагдаа нартай мөргөлдсөн байна. Цагдаа нар цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий, ус шүршигч ашиглажээ.
Гадаадын агентуудын тухай хуулийн төсөл
Өнгөрөгч хоёрдугаар сард Гүржийн парламент дээрх хуулийн төслийн хоёр хувилбарыг бүртгэжээ. Эдгээр нь Гүржийн хувилбар ба гадаадын агентуудыг бүртгэх тухай АНУ-ын хуулийн орчуулга болох Америкийн хувилбар юм.
Уг баримт бичгийн гүрж хувилбарт зааснаар, санхүүжилтийнхээ 20 гаруй хувийг гаднаас авдаг хуулийн этгээдийг гадаадын нөлөөллийн төлөөлөгч гэж үзэх ёстой. Гадаадын агент нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж болох бол энэ хувилбар нь хувь хүмүүст хамаарахгүй байна. Харин америк хувилбар нь хуулийн этгээдэд төдийгүй хувь хүмүүст ч хамаатайгаас гадна, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай зүйл заалттай аж.