XINHUA: Гадаад бодлогын уялдаа холбоогоо бэхжүүлэхийг Монгол Улсад санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-02-18 09:57:30

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Коммунист Намын Төв хорооны Гадаад хэрэг эрхэлсэн хорооны тамгын газрын дарга, Улс төрийн товчооны гишүүн Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Мюнхен хотноо уулзах үеэрээ гадаад бодлогын чиглэлээр хамтын ажиллагаагаа нягт уялдуулан зохицуулахыг санал болгов гэж "Xinhua" агентлаг мэдээллээ. 


"Хятад, Монгол хоёр улс бол ойр хөршүүд, бид холбоо харилцаагаа байнга хадгалж, харилцан, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд байр сууриа нягт уялдуулан зохицуулах ёстой" гэж Хятадын дипломатч хэлжээ. 


Б.Батцэцэг хариуд нь Монгол Улс 2023 онд Хятад улстай харилцаагаа өндөр түвшинд хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэсэн байна.


Ван И Мюнхений аюулгүй байдлын 59 дүгээр бага хурал болж буй Германд хүрэлцэн иржээ. Тэрбээр улс төрийн айлчлалынхаа үеэр Франц, Италид очсон байна. Хоёрдугаар сарын 22-ныг дуустал үргэлжлэх түүний айлчлалын хөтөлбөрт мөн Унгар болон ОХУ багтжээ. 

Связанные новости