Япон, АНУ, БНСУ-ын удирдагчид энэ сард уулзахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Япон, АНУ, БНСУ-ын удирдагчид БНАСАУ-тай холбоотой хурцадмал байдал өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан 11 дүгээр сарын дундуур уулзахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ.
Гурван орны удирдагчид Камбожид болох “АСЕАН”-ы уулзалтын хүрээнд юм уу Индонезид болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж магадгүй байна. Талууд хамгийн сүүлд Испанид зургаадугаар сард уулзсан юм.
БНАСАУ-ыг цөмийн долоо дахь удаагийн туршилтаа хийж магадгүй гэж болгоомжилж буйтай зэрэгцэн тус улс баллистик пуужингийн туршилтаа эрчимжүүлж байгаа энэ үед дээрх төлөвлөгөө гарчээ.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл нар БНАСАУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийн тулд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна.