Их Британийн хатан хааны шарилыг Букингемийн ордонд хүргэлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /Reuters/. Их Британийн хатан хаан II Элизабетын шарилыг Лондон хот дахь Букингемийн ордонд мягмар гарагт хүргэжээ. Хатан хаан Шотланд дахь зуны өргөө болох Балморал шилтгээндээ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 96 насандаа таалал төгссөн юм.
Даваа гарагт хатан хааны шарилыг Эдинбург хотын сүмд авчирсан бөгөөд уй гашууд автсан 33 мянга орчим хүн хүндэтгэл үзүүлсэн байна. Дараагийн өдөр нь шарилыг Эдинбургийн нисэх буудлаас агаарын хүчний нисэх онгоцоор Лондонд авчран Букингемийн ордон руу тээвэрлэх үед ард иргэд ширүүн бороог үл хайхран гудамжинд эгнэн зогсож байжээ.
Лхагва гарагт хатан хааны шарилыг Вестминстерийн ордон руу шилжүүлэх бөгөөд эцсийн замд нь үдэхийн өмнө олон нийтэд хүндэтгэл үзүүлэх боломжийг олгохын тулд дөрвөн өдрийн турш тус ордонд байлгана. Их Британийн хатан хаантай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол Лондоны Вестминстерийн сүмд есдүгээр сарын 19-ний өдөр болно.