Малайз тахианы экспортод хориг тавьсан нь Сингапурт үнэ өсөхөд нөлөөлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
КУАЛА-ЛУМПУР. /Kyodo/. Малайзад нийлүүлэлтийн хомсдолтой холбоотойгоор тахианы махны экспортод хориг тавих шийдвэр лхагва гаргаас хэрэгжиж эхэлсэн нь үндэсний хоол болох тахианы махтай будаагаараа гайхагддаг, хүнс нь импортоос ихээхэн хамааралтай хөрш Сингапур улсад нөлөөлж байна.
Украины дайнаас
үүдэн газрын тос, тахианы тэжээлийн үнэ өсөх болоод байгаа энэ үед Малайз
дотоодын хэрэгцээгээ хангахад хүндрэл учирч байгаа тул сар тутам бусад орнуудад
3.6 сая хүртэлх тооны тахианы мах экспортлохоо түр зогсооход хүрчээ. Улмаар
уг хориг нь Сингапурт үнэ өсөх, хомдсол үүсэх болгоомжлолыг хэдийнээ бий
болгосон байна.
Сингапурын
Хүнсний асуудал эрхэлсэн агентлагийн мэдээлснээр, тахианы махны импортын 30
орчим хувь нь Малайзаас хамааралтай байдаг бөгөөд үлдсэн хувийг Бразил
тэргүүтэй алс хол оршдог орнуудаас хүлээн авдаг. Хүнсний эх үүсвэрээ
төрөлжүүлэхийг олон жилийн турш зорьсоор ирсэн тус хот улс нь хөлдөөсөн тахианы
махны импортыг нэмэгдүүлэх замаар хомсдолоо нөхөх аж.
Сингапур улс “COVID-19” халдварын тархалтыг зогсоох зорилгоор 2020 оны эхэн үеэс хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга
хэмжээнүүдийнхээ дийлэнхийг дөрөвдүгээр сарын сүүлээр цуцалснаар ихэнх хоолны
газрууд, тэр дундаа тахианы махтай будаа зардаг олон жижиг дэлгүүр, мухлагуудын
бизнес сэргэж эхэлж байгаа үед ийм нөхцөл байдал үүсэж байна.
Тавдугаар сарын
27-ны өдөр Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун хүнсний хэрэглээний 90 гаруй
хувь нь импортоос хамааралтай Сингапурт Украины дайны үед инфляц, улс
орнуудын хүнсний хангамжаа баталгаажуулах арга хэмжээнүүд “сөргөөр” нөлөөлж
байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснийг “The Straits
Times” сонин уламжилжээ.