Япон: Нөөцийн цагаан будааг жижиглэнгийн худалдаачдад шууд нийлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 26 /NHK/. Японы Хөдөө аж ахуйн яам хэрэглэгчдэд хямд үнээр хүргэхийн тулд нөөцийн цагаан будааг жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд шууд борлуулж эхлэхээр болжээ.
Цагаан будааны үнийг
бууруулахад үр нөлөө үзүүлж
чадаагүй хэд хэдэн дуудлага худалдааны дараа дээрх төлөвлөгөөг боловсруулжээ. Яамны ажилтнуудын мэдээлснээр, одоо нөөцийн
будааг жижиглэн худалдааны салбарын томоохон төлөөллүүд, тэр дундаа будааг их хэмжээгээр зарж борлуулах боломжтой
цахим худалдааны платформуудтай тендергүй гэрээ байгуулж борлуулах ажээ.
Ингэхдээ 2021, 2022 оны ургацын 300 мянган тонн будааг худалдаанд гаргаж, үнийг нь саяхан болсон дуудлага худалдааны дундаж үнийн тэн хагас орчимтой тэнцэхүйц байдлаар тогтооно. Энэ нь жижиглэн худалдаачид 5 кг будаанд 963 иен буюу 6.7 ам.доллар төлнө гэсэн үг. Түгээлтийн зардлыг оруулан тооцвол татварын өмнөх жижиглэнгийн үнэ 2000 иен /14 орчим ам.доллар/ байх магадлалтай. Энэ сарын эхээр Японы супермаркетууд ижил хэмжээний будааг дунджаар 4000 гаруй иенээр зарж байв.
Тус яам өнөөдрөөс эхлэн жижиглэн худалдаа эрхлэгчдээс холбогдох хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. Албаныхны хэлж буйгаар, будаа хамгийн эртдээ гэхэд зургаадугаар сарын эхээр дэлгүүрүүдийн лангуун дээр очно. Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүми төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсгийн хурал дээр үг хэлэхдээ “Хөдөө аж ахуйн яамны эн тэргүүний зорилт бол цагаан будааны үнийг тогтворжуулах явдал юм. Хямд үнэтэй, амттай будааг аль болох түргэн шуурхай хүргэх шаардлагатай байна. Энэ бол бидний үүрэг” гэжээ.