Япон улс хамгийн том зээлдүүлэгчийн статусаа алдав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 27 /Bloomberg/. Япон улс 34 жилийн турш дэлхийн хамгийн том зээлдүүлэгч байсан бол саяхан энэ статусаа алджээ. Тус улс 2024 онд хилийн чанад дахь хөрөнгийн хэмжээгээр шинэ дээд амжилт тогтоосон боловч Германы хөрөнгийн хэмжээ уг үзүүлэлтээс давсан тухай Bloomberg агентлаг мэдээлсэн байна.
Японы Сангийн яамны мэдээлснээр, тус улсын гадаад цэвэр актив өмнөх оноос
13 хувиар өсөж, 533.05 их
наяд иен /ойролцоогоор
3.7 их наяд ам.доллар/ болсон бол Германых
569.7 их наяд иенд хүрчээ. Жагсаалтын
гуравдугаарт Хятад улс /516.3 их наяд иен/ бичигдсэн байна.
Герман улс жагсаалтыг тэргүүлсэн нь өнгөрсөн онд 248.7 тэрбум еврогийн урсгал тэнцлийн ашигтай
гарсан худалдааны үзүүлэлттэй холбоотой ажээ. Харин Японых 29.4 их наяд иен буюу ойролцоогоор 180 тэрбум еврогийн ашигтай гарсан байна. 2024 онд еврогийн иентэй харьцах ханш 5 орчим хувиар өссөн нь иенээр тооцсон Германы хөрөнгө өсөхөд илүүтэй нөлөөлсөн гэж Bloomberg-ийн мэдээнд
дурджээ.
Эдгээр тоо баримт нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын чиг хандлагыг харуулж байна. 2024 онд Японы компаниуд АНУ, Их Британид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан байна. Санхүү, даатгал, жижиглэн худалдаа зэрэг салбарууд Японоос хамгийн их хөрөнгө татсан гэж Японы Сангийн яам мэдээлжээ.
Цаашид Японы
гадаад дахь хөрөнгө оруулалт нь тус улсын компаниудын зардал гадаадад, ялангуяа АНУ-д нэмэгдэх эсэхээс хамаарна. Ерөнхийлөгч Дональд Трампын үед гаалийн татвар нэмэгдэх нь тодорхой болсон тул
зарим компани татварын нөлөөллийг бууруулахын тулд үйлдвэрлэл, хөрөнгөө АНУ руу
шилжүүлж магадгүй юм.