Биржийн бус зах зээл дээр 373 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-11 18:16:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос өчигдөр биржийн бус зах зээлийн талаар сэтгүүлч нарт мэдээллээ. Манай улсад үнэт цаасны зах зээлийг иргэд, олон нийт 1990-2000 он хүртэлх хугацаанд нийгэмд дан ганц Хөрөнгийн биржээр төсөөлж хөрөнгийн зах зээл гэдгийг мөн биржээр ойлгож ирсэн. Тэгвэл одоо биржийн зах зээл болон биржийн бус зах зээл гэсэн хоёр ойлголт бий болж байна. Биржийн бус зах зээл гэдэг нь тодорхой шаардлага хангасан мэргэжлийн хөрөнгө оруулагч нар үнэт цаасны арилжаанд оролцож хөрөнгө оруулах талбар аж.

Үнэт цаас гаргагч нь олон нийтэд бус тодорхой хөрөнгө оруулагч нарт үнэт цаасаа санал болгоно. Ингэснээр богино хугацаанд үнэт цаасыг бүртгэж, хялбар, бага өртгөөр хөрөнгө оруулалт татах боломжтой аж. Хөрөнгө татан төвлөрүүлэх ААН нь андеррайтерийн компаниар дамжуулан биржийн бус зах зээлд өөрийн компанийн хувьцаа, өрийн хэрэгсэл болон үнэт цаасыг худалдаж хөрөнгө босгох юм.




Монголын Хөрөнгийн бирж нь захиалгад суурилсан /Order Driven market/ байдаг бол биржийн бус зах зээл нь мэргэжлийн хөрөнгө оруулагч нар хоорондоо урьдчилан үнэ тохиролцож арилжаа хийдгээр онцлогтой байна. Өдгөө энэхүү үйл ажиллагааг манай улсад Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо явуулж байна. Өөрийгөө зохицуулах тус байгууллага 2015 онд байгуулагджээ. Зах зээлийн мэргэжлийн нэгдсэн холбоо гэдгээр хөрөнгө, санхүүгийн бусад салбараас онцлогтойг тус холбооны гүйцэтгэх захирал Ц.Хуяг тодотгов.




Холбоо нь 69 гишүүн байгууллагатай, үүний дийлэнхийг үнэт цаасны 46 компани эзэлж байна. Бусад гишүүдийг танилцуулвал:

  • 3 нь дэд бүтцийн байгуулага,
  • Олон улсын нэг байгууллагын төлөөлөл,
  • Арилжааны 2 банк, 3 кастодиан банк,
  • 13 нь хөрөнгө оруулалтын менежментийн компани аж.

Одоогоор 25-27 орчим мэргэжлийн үнэт цаасны байгууллага зуучлалын эрхээр шууд нэгдэж компаниудад үнэт цаас худалдан авахад нь зуучилж байна. Энэ оны эхний 4 сарын байдлаар биржийн бус зах зээлд нийт 33 компани үнэт цаасаа гаргаж, 373 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлжээ. Энэ мэтээр хөрөнгийн зах зээл хөгжих эдийн засгийн орчин манай улсад бүрдсэн байгааг илэрхийлж байна. Гагцхүү төрөөс биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлага байгааг гүйцэтгэх захирал Ц.Хуяг онцолж байна.




Цаашдаа тус холбоонд хувь хүн гишүүнээр байхаар дүрэмдээ тусгажээ. Энэ талаар тодруулбал, биржийн бус зах зээлд сүүлийн нэг жилийн сарын дундаж орлого нь 10 сая төгрөгтэй тэнцэх болон түүнээс их, эсвэл 500 сая төгрөгөөс дээш цэвэр хөрөнгөтэй, сүүлийн нэг жилийн турш гадаад болон дотоодын зах зээлд үнэт цаасны арилжаа хийсэн туршлагатай, Монгол Улсын иргэн оролцож болох аж.

 

Связанные новости