Японд хүүхдийн тоо хамгийн доод түвшинд хүрч буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /TASS/. Японд хүүхдийн тоо 1950 оноос хойш буюу ийм статистик мэдээ гарч эхэлснээс хойших хамгийн доод түвшинд хүрч буурчээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар тус улсад 14-өөс доош насны 14.65 сая охид, хөвгүүд тоологдсон нь жилийн өмнөхөөс 250 мянгаар бага байна гэж Захиргааны хэрэг, харилцаа холбооны яамнаас лхагва гарагт гаргасан тайланд дурджээ. Энэхүү мэдээллийг Японд тавдугаар сарын 5-нд тэмдэглэдэг үндэсний баяр болох Хүүхдийн өдрийг тохиолдуулан нийтэлсэн байна.
Японы 14 хүртэлх насны бяцхан иргэд одоо хүн амынх нь дөнгөж 11.7 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлтээрээ тус улс 40 сая гаруй хүн амтай 35 орны дунд хамгийн доогуур байр эзэлж байна.
Хүүхдийн тоо Японд 1982 оноос хойш тасралтгүй буурч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас төрөлт улам багасжээ.
Байнга оршин суудаг гадаадын иргэдийг оруулаад Японы хүн амын тоо 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын хооронд 644 мянгаар буурч, 125.5 сая болжээ. 65-аас дээш насны хүмүүсийн тоо жилийн дотор 190 мянга орчмоор нэмэгдэж, 36.2 саяд хүрсэн нь нийт хүн амынх нь 29 орчим хувийг эзэлж байна.