Э.Макрон Мариуполь, Донбассын байдалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС. /TASS/. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй ярилцахдаа Мариуполь, Донбассын байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлээд, “Азовсталь” үйлдвэрийн нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлэх ажилд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг ОХУ-д уриаллаа гэж хоёр Ерөнхийлөгчийг мягмар гарагт утсаар ярьсны дараа Елисейн ордон мэдээлжээ.
"Францын удирдагч Мариуполь, Донбассын байдалд ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлж, сүүлийн өдрүүдэд эхлүүлсэн "Азовсталь" үйлдвэрийн нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг ОХУ-д уриалсан" гэж Э.Макроны засаг захиргаа мэдэгдэлдээ дурджээ. “Хүмүүнлэгийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж, олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу нүүлгэн шилжүүлсэн хүмүүст оршин суух газраа сонгох эрхийг олгох нь” чухал гэдгийг Францын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.
Елисейн ордны мэдэгдэлд дурдсанаар, тэрбээр Украины мөргөлдөөний "үр дагаврын ноцтой байдлын учрыг дахин онцлон тэмдэглэв". Ерөнхийлөгч "НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний үүрэг хариуцлагынхаа дагуу ажиллахыг ОХУ-д уриаллаа" гэж мэдэгдэлд онцолжээ.
Э.Макрон энх тайвныг сэргээх ашиг сонирхлын үүднээс тохиролцоонд хүрэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа В.Путинд мөн хэлсэн байна. “Францын удирдагч энх тайвныг баттай болгох, түүнчлэн Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хүндэтгэх талаар зөвшилцөлд хүрсэн шийдэл гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгч Украины мөргөлдөөнд гал зогсоох шаардлагатайг дахин мэдэгдсэн” гэж Елисейн ордон мэдэгдэлдээ онцлон тэмдэглэсэн байна.
Э.Макрон мөн “Хар тэнгисээр дамжуулан Украины хүнсний экспортыг сэргээх зорилгоор олон улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ”. “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын үр дагаврыг харгалзваас” энэ нь маш чухал гэж тэрбээр үзэж байна.
Телевизийн “BFM” сувгаар мэдээлснээр хоёр удирдагч хоёр цаг гаруй ярилцсан бөгөөд Э.Макроныг дөрөвдүгээр сарын 24-нд Францын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоноос хойш талууд анх удаа утсаар ярьж буй нь энэ юм. Үүнээс өмнө хоёр улсын Ерөнхийлөгч нар гуравдугаар сарын 29-нд утсаар ярьсан байна. Өнгөрсөн бямба гарагт Э.Макрон мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярьжээ.
Э.Макрон хоёрдугаар сарын эхээр Москвад айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийсэн. Маргааш нь Францын Ерөнхийлөгч Киевт айлчилсан билээ. Москвад болсон яриа хэлэлцээний дараа Э.Макрон, В.Путин нар тогтмол утсаар ярьж байгаа юм. “Le Parisien” сонинд мэдээлснээр, 2021 оны 12 дугаар сараас хойш Ерөнхийлөгч нар нийт 20 орчим удаа утсаар ярьсан байна.