"Байгалийн нөөц үнэтэй" бүсчилсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-29 14:19:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран "Байгалийн нөөц үнэтэй" бүсчилсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг Баян-Уул суманд зохион байгуулж байна. 

Энэхүү арга хэмжээнд аймгийн хойд бүсийн сумд болох Халиун, Шарга, Жаргалан, Төгрөг, Тонхил, Дарви, Хөхморьт сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, БОХУБ, байгаль хамгаалагч, Эко клубын багш, сурагчид, Төрийн бус байгууллага, малчдын төлөөллүүд оролцож байгаа юм. Уулзалт, арга хэмжээний үр дүнд байгалийн нөөцийн орлого, малын тоо толгойн албан татварын бүрдүүлэлт зарцуулалтын нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болж буй тухай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Говь-Алтай аймаг нь байгаль, түүхийн дурсгалт болон улсын тусгай хамгаалалттай газар нутаг, улаан номд орсон ан амьтан, ургамлын нөөц ихтэй билээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт орших Алаг хайрхан уулын байгалийн нөөц газар. Алаг хайрхан уул нь Монгол Алтайн нурууны дунд хэсгийн өндөр уулсын нэг бөгөөд вансэмбэрүү, сэржмядаг, юмдүүжин, эрээн гомбо, бамбай зэрэг ховор ба нэн ховор ургамал, аргаль, янгир, ирвэс, хойлог зэрэг амьтдын байршил нутаг юм.

Эмийн ургамлыг их хэмжээгээр замбараагүй түүх явдал жилийн жилд нэмэгдэж, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьтан, ургамал хөнөөгдөн хорогдож байгаа учраас УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор ландшафтын иж бүрдлийг хамгаалах нөөц газар болгосон. Нийтдээ 36723 га талбайтай. Монгол Алтайн нурууны дунд хэсгийн өндөр уулын нэг хэсэг болох Алаг хайрхан уул орчмын уулс нь ихэнхдээ тэгш хавтгай оройтой боловч өгөршлийн нөлөөгөөр тэгш гадаргуу нь эвдэрч шовх, эсвэл нарийхан багана хэлбэртэй болсон байдаг. Тус уулын хажуу эгц бөгөөд эртний мөстлийн үеийн мөсөн голын нөлөөгөөр үүссэн хунх, тэвшин хөндийнүүдтэй. Энэ нутаг нь Алтайн уулт өндөрлөгийн мужид багтдаг бөгөөд Дунд Хайрхан, Бага Хайрхан зэрэг салбар уулсаас тогтоно. Алагхайрхан уулын ноён оргил нь 3738 м өндөр, мөнх цастай, жилийн аль ч улиралд 30-90 мм хүртэл хур тунадас унадаг. 

Алагхайрхан уулнаас Хөх сайр, Цахир, Босго, Хатуу, Улиастай зэрэг олон голууд эх авч урсдаг. Энд өндөр уулын олон зүйлийн амьтад байдгаас ховорт тооцогдох аргаль, янгир, ирвэс, суусар, шилүүс, хойлог зэрэг хөхтөн, жигүүртэн элбэгтэй юм.


Связанные новости