ОХУ-ын Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор мэдээлэл өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Засгийн газраас эдийн засгийн тусгай арга хэмжээ
авах шийдвэр гарсантай холбогдуулан гадаад худалдаа эрхлэгчдэд мэдээлэл хүргэх
уулзалтыг ГХЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулав.
Уулзалтад 150 гаруй бизнес эрхлэгч оролцож, мэдээлэл авав. ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан ОХУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн арга хэмжээний талаар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ОХУ-тай хийж буй гадаад худалдааны төлбөр тооцоо, шилжүүлгийн талаар мэдээлэв.
Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2022 оны 3 дугаар сарын 8-нд "ОХУ-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай" зарлигийг баталсан. Тус улсын Засгийн газар 3 дугаар сарын 14-нд улаанбуудай, улаанбуудай болон хөх тарианы холимог, хөх тариа, арвай, эрдэнэшиш, элсэн чихэр, чихрийн нишингийн сахар, чихрийн нишингийн бусад сахарын экспортод хориг тавих тогтоолыг баталсан юм. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл хийв.
Бизнес эрхлэгчдийн зүгээс ГХЯ болон Монголбанкнаас бодит мэдээллийг хүргэж байгаад талархаж буйгаа илэрхийлсний дээр валютын ханш, үнийн өсөлт, гадаад гүйлгээ, долларын квот, экспорт, импорт, тээвэр логистиктой холбоотой асуултад холбогдох албаныхнаас хариулт авлаа.