Пак Гын Хэ Монголын шинэ парламентын дарга болон Ерөнхий сайдтай уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-07-18 16:34:34

СӨҮЛ. /Yonhap/. Ерөнхийлөгч Пак Гын Хэ байгалийн баялаг ихтэй Монгол Улстай эдийн засгийн болон улс төрийн харилцаа холбоогоо бэхжүүлэх үүднээс шинээр томилогдсон Монгол Улсын УИХ-ын дарга  болон Ерөнхий сайдтай уулзлаа.

Пак Монгол Улсын нэг танхимтай хууль тогтоох байгууллага болох Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдтой уулзсаныхаа дараа тус улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбаттай уулзсан юм.

Монголын энэ хоёр улс төрч өнгөрсөн сард болсон сонгуульд Монгол Ардын Нам /МАН/ үнэмлэхүй ялалт байгуулсны дараагаар энэ сарын эхээр албан тушаалдаа томилогдон ажиллаж байгаа юм. МАН 76 гишүүнтэй хууль тогтоох байгууллагын 65 суудлыг авч ялалт байгуулжээ.  

Монголд гүйцэтгэх засаглалын хосолмол тогтолцоо хэрэгждэг. Энэ тогтолцоо ёсоор ард түмний саналаар сонгогдсон Ерөнхийлөгч нь батлан хамгаалах болон гадаад харилцааны асуудлыг хариуцдаг бол парламентаас томилогдсон Ерөнхий сайд нь эдийн засгийн болон дотоод асуудлаа хариуцдаг ажээ.

Уулзалтуудын үеэр хоёр улсын харилцаа худалдаа, соёл болон дэд бүтцийн хөгжил зэрэг олон салбарт өргөжин гүнзгийрснийг Пак онцлон тэмдэглэлээ. Тэрбээр мөн Монголын зах зээлд Өмнөд Солонгосын компаниуд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд таатай бизнесийн нөхцлийг бүрдүүлэхийг уриалжээ. 

Ням гарагт болсон хоёр улсын Ерөнхийлөгч болох Пак Гын Хэ болон Ц.Элбэгдорж нарын Дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр тал Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг (EPA) байгуулахаар зөвшилцсөн юм. Энэ нь чөлөөт худалдааны гэрээтэй төстэй билээ.

Хоёр Ерөнхийлөгч энэ онд багтаан аль болох ойрын хугацаанд уг түншлэлийн хэлэлцээний талаар хамтарсан судалгаа явуулахаар тохиролцсон байна. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналын асуудлын тухайд Пак хэлэхдээ, нэгдүгээр сард хийсэн Пхеньяны цөмийн туршилт болон хоёрдугаар сард хийсэн пуужингийн туршилтын хариуд авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд улс орнууд нэгдмэл фронтоор урагшлах хэрэгтэй байгааг сануулжээ.  

М.Энхболдтой уулзах үеэрээ Ерөнхийлөгч Пак хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хоорондохь солилцооны үйл ажиллагааг идэвхжүүлэхийг онцолсон юм. Энэхүү харилцан солилцоо нь Өмнөд Солонгос-Монголын харилцааны хөгжилд түлхэц болно гэж үзэж байна.

М.Энхболдыг Монгол дахь Өмнөд Солонгосыг дэмжигч улс төрч гэж үздэг билээ. Тэрбээр Улаанбаатар хотын захирагч байхдаа 2000, 2001 болон 2005 онуудад Өмнөд Солонгост айлчилж байжээ. Мөн Шадар сайд байх хугацаандаа 2008 болон 2009 онд Сөүлд айлчилж байсан юм.  

Х.Сарнай

 

 

Связанные новости