Бизнес эрхлэгчдэд хамтарч ажиллах шинэ арга барил шаардагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "КОВИД 19" цар тахал болон хөгжлийн явцад бий болж буй технологийн өөрчлөлт, инфляцын дарамт зэрэг хүлээгдэж буй нөхцөл байдал, цаг үед компани, ААН-үүдэд том сорилтууд ирж байна. Ийм үед бизнес эрхлэгчид бизнесээ хамгаалж авч үлдэхийн тулд хэвийн бус, цоо шинэ стандарт бүхий хэв маяг баримтлан, хамгийн гол нь үүсэж бий болж буй сорилтыг хамтдаа даван туулж, мөн гарч ирж буй боломжоо хамтдаа хуваалцан, хамтарч ажиллах хэрэгтэйг ААН, компанийн удирдлагууд “Executive summit-2021” гүйцэтгэх дээд удирдлагуудын уулзалтаар хэлэлцсэн юм.
Засгийн газраас дэвшүүлээд
буй эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бизнесийн орчинд
учирдаг дарамтыг бууруулах хэрэгтэй байна гэдэг дээр бизнес эрхлэгч нар санал
нэгдэж байлаа. Ийм үед төр, засгаас олгож буй 1400 шахам зөвшөөрлийг авна гэдэг
цаг алдсан, алдагдал хүлээсэн хэрэг болохыг дурдаж байв. Тиймээс бизнесийн орчинд
эрхзүйн шинэчлэлийг хугацаа алдалгүй хийхийг онцлон хүлээж байна. Энд дэлхийн
зарим улс орон цар тахлын үед бизнест үзүүлэх аливаа хяналт шалгалт, эрхзүйн
хатуу зохицуулалтыг царцаан зогсоож, ажлын байраа хамгаалах, хувийн хэвшил
чөлөөтэй үйл ажиллагаа явуулах, гадаадын хөрөнгө орж ирэх боломжийг олгож буй
жишээг ч дурдаж байлаа.
Цар тахлын үед илүү динамик ур чадвар болон гүйцэтгэлд чиглэсэн ажлын загвар урьд урьдынхаас илүү шаардлагатай байгааг онцолж байна. Үүнд хүний нөөцийн менежерүүд хувь хүний зан чанар, авхаалж самбаа болон ачаалал нэмэгдэх үед ажлын чанарыг бууруулахгүй байж чадах ур чадвар зэргийг хадгалах зэрэг нөхцөл байдал үүсэж байна. Мөн технологийн өөрчлөлт, инфляцын дарамт зэрэг хүлээгдэж буй эрсдэлд ААН-үүд үйл ажиллагаагаа тогтвортой ханган явуулахад том сорилт болох нь.
Цар тахлын сорилтод бизнесээ хамгаалж авч үлдэхийн тулд хэвийн бус, цоо шинэ стандарт бүхий хэв маяг баримтлан, хамгийн гол нь гарч ирж буй, үүсэж бий болж буй сорилтыг хамтдаа даван туулж, мөн гарч ирж буй боломжоо хамтдаа хуваалцан, хамтарч ажиллах хэрэгтэйг ААН, компаниудын удирдлага хэлэлцсэн юм. Тэр шинэ хэв маяг нь юу байх вэ. Энэ асуултад бизнесийнхэн ёсзүйтэй ажиллахыг хэлж татвараа жишээ нь, бүгд тэгш төлдөг, аль нэг нь давуу байдал хэрэглэхгүй байх зэргээр шударга ёсыг нэхэж байна.
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн
академиас зохион байгуулж, гүйцэтгэх захирлуудыг хамруулсан хуралд
200 орчим компанийн гүйцэтгэх захирал, санхүү
эрхэлсэн болон хүний нөөцийн захирлууд оролцсон юм. “Executive summit-2021” гүйцэтгэх дээд
удирдлагуудын уулзалтыг хоёр
дахь удаагаа болж байна.