Жонсон, Макрон нар хууль бус цагаачлалтай идэвхтэй тэмцэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-25 10:38:20

ЛОНДОН. /BBC/. Их Британи, Францын удирдагчид хоёр улсыг зааглаж буй Ла-Маншийн хоолойг хууль бусаар гаталж буй цагаачдын асуудлыг шийдвэрлэхэд илүү идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.


Энэ тухай Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой лхагва гарагт утсаар ярьсны дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.


"Хоёр орны удирдагчид хууль бус цагаачлалыг таслан зогсоох хамтарсан хүчин чармайлтыг эрчимжүүлэх, хүмүүсийн амь насанд аюул учруулж буй гэмт бүлэглэлүүдийг зогсоохын тулд чадах бүхнээ хийхээр тохиролцлоо" гэж мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн цагаачдыг Францын эрэгт хүрэхээс өмнө асуудлыг үр дүнтэй шийдэх зорилгоор хөрш Бельги, Нидерланд улсуудтай, мөн тивийн түншүүдтэйгээ нягт хамтран ажиллах нь чухал болохыг цохон тэмдэглэсэн байна.


Жонсон, Макрон нар хууль бус 50 орчим цагаач сууж явсан завь Францын Кале хотоос холгүйхэн живж, 30 гаруй хүн амиа алдсан эмгэнэлт явдлын дараа утсаар ярьжээ. Цагаачид Ла-Маншийн хоолойгоор дамжин Их Британийг зорьж байсан байна. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Эмгэнэлт явдлын дараа Макрон Европын Холбооны Хилийн хяналтын агентлаг “Frontex”-оос гадаад хил дээрх хяналтын арга хэмжээгээ чангатгаж, "буруутай хүмүүсийг олж, шийтгэхийн тулд" бүхнийг хийхийг шаарджээ.


Их Британи, Францын эрх баригчид хууль бус цагаачдын асуудалтай хамтран тэмцдэг ч Ла-Манш, Па-де-Калегийн хоолойг гатлахыг оролдож буй цагаачдын тоо тогтмол нэмэгдсээр байгаа юм. Энэ жил л гэхэд эдгээр замаар 25 мянга гаруй хууль бус цагаач Их Британид ирсэн байна.


Связанные новости