Шри-Ланкад болсон цуврал дэлбэрэлттэй холбоотой хэргийн шүүх хурлууд эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-23 16:44:45

ШИНЭ ДЕЛИ. /RT/. 2019 оны дөрөвдүгээр сард Шри-Ланка улсын томоохон хотуудад 250 гаруй хүний ​​аминд хүрсэн цуврал халдлагатай холбоотой хэргийн гурван шүүх хурал эхэлжээ. 


“The Island” сонинд мэдээлснээр, халдлагын талаарх тагнуулын мэдээллийг хүлээн авсны дараа таслан зогсоох арга хэмжээ аваагүй гэж буруутгагдаж байгаа цагдаагийн газрын дарга асан Пужит Жаясундаратай холбогдох хэргийн шүүх хурал Коломбо хотын Дээд шүүхэд эхэлсэн байна. 


Хоёр дахь шүүх хурлаар Шри-Ланкийн Батлан ​​хамгаалахын сайд асан Хемасири Фернандогийн хэргийг хэлэлцэнэ. Түүнийг албан тушаалаа хашиж байхдаа террористуудын халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй гэж буруутгажээ.


Гурав дахь шүүх хурлаар уг хэрэгт холбогдуулан баривчилсан 25 хүнд холбогдох шийдвэрийг гаргах юм. Шри-Шанкийн Ерөнхий прокурорын газар тэднийг тус улсын томоохон хотуудын, католиг сүмүүд, зочид буудлуудад үйлдсэн цуврал дэлбэрэлтэд буруутгаж, 23270 хэрэг үүсгэжээ. Тэднийг мөн хүн аминд санаатай хүрэх зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан, терроризмд өдөөн турхирсан, хууль бусаар зэвсэг эзэмшсэн, хүний амь насанд халдахыг завдсан болон бусад гэмт хэрэгт буруутгажээ.


2019 оны дөрөвдүгээр сарын 21-нд террористууд Улаан өндөгний баяр тэмдэглэх үеэр Шри-Ланкийн нийслэл болон хэд хэдэн хотын католиг шашны гурван сүм, дөрвөн зочид буудалд найман дэлбэрэлт үйлджээ. Цуврал халдлагын улмаас 253 хүн амиа алдаж, 500 орчим хүн гэмтэж шархадсан байна.


Связанные новости