ОХУ-д салбараа нээх ёстой IТ-компаниудын жагсаалтыг нийтэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. Роскомнадзор буюу ОХУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэг эрхлэх газраас 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тус улсад салбараа нээх ёстой гадаадын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн (IT) компаниудын жагсаалтыг нийтэлжээ.
"Ийм компаниудын жагсаалтыг Роскомнадзорын албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн бөгөөд үүнд 22 мэдээллийн эх үүсвэрийг эзэмшдэг гадаадын 13 компани багтсан" гэж тус байгууллага мэдээлсэн байна.
Тодруулбал, “Google” (Google Play, YouTube, YouTube Music, Google Chat, Gmail), “Apple” (iCloud, App Store, Apple Music), “Meta Platforms” (Facebook, Instagram, WhatsApp), “Twitter”, “TikTok”, “Telegram”, мөн “Zoom”, “Viber”, “Spotify”, “Likeme Pte.Ltd”. (Likee), “Discord”, “Pinterest”, “Twitch” компаниудыг жагсаалтад оруулжээ.
"ОХУ-ын нутаг дэвсгэрт мэдээлэл, харилцаа холбооны "Интернэт" сүлжээн дэх гадаадын этгээдийн үйл ажиллагааны тухай" хуулийг Оросын эрх баригчид долоодугаар сарын 1-нд баталжээ. Уг хуулийн дагуу нэг өдрийн үзэгч, хэрэглэгчдийнх нь тоо 500 мянга давдаг гадаадын интернэт-компаниуд ОХУ-ын нутаг дэвсгэрт эрх бүхий төлөөлөгчийн газраа нээх ёстой юм. 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ОХУ-д салбар, төлөөлөгчийн газраа байгуулах шаардлагаас гадна, эдгээр компаниудад хуулиар хэд хэдэн үүрэг хүлээлгэнэ. Тухайлбал, цахим хуудсандаа Оросын хэрэглэгчидтэй эргэх холбоо тогтоох хэсэг бий болгох, эрх бүхий байгууллагатай харилцахын тулд Роскомнадзорын вэбсайтад тухайн компанийн санхүүгийн баримт бичиг, дансны байдал, ажиллаж буй төсөл гэх мэт мэдээлэлд хандах боломжийг олгодог цахим хуудасныхаа тусгай хэсгийг бүртгүүлэх ёстой. Түүнчлэн гадаадын иргэд Оросын хууль тогтоомжийг зөрчсөн мэдээлэлд нэвтрэх эрхийг хязгаарлах үүрэгтэй байна.