Төлбөрийн тэнцэл 169 сая ам.долларын алдагдалтай гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төлбөрийн тэнцэл энэ оны 9 дүгээр сард 169 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх сарынхаас 57.9 сая ам.доллароор нэмэгдэв.
Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (2.5 дахин) тэрбум ам.доллароор нэмэгджээ. Үүнд анхдагч орлогын алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 717.8 сая ам.доллароор нэмэгдэж, 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь нөлөөлсөн байна. Харин урсгал дансны алдагдал энэ оны 9 дүгээр сард 283.1 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 7.8 сая ам.доллароор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 529.4 сая ам.доллар, зарлага 1.5 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 45.7 сая ам.доллароор нэмэгдэж, зарлага 25.5 сая ам.доллароор багасав. Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 71.2 сая ам.доллароор багасаж, 983.4 сая ам.доллар болжээ.
Хөрөнгийн данс энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 99.9 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 23.5 сая ам.доллароор, 9 дүгээр сард 23.2 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 11.7 сая ам.доллароор тус тус нэмэгджээ.
Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний 9
сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх
оны мөн үеийнхээс 866.3 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Харин есдүгээр сард 107.5 сая
ам.доллар болж, өмнөх сарынхаас 142.2 сая ам.доллароор багассан аж.