Анхны дижитал бонд гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид шинээр бүртгүүлсэн “Мобифинанс ББСБ" ХХК “МонПэй” бонд гарган олон нийтэд санал болгоод байна. Тус бондын хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энд СЗХ-ны дарга Д.Баярсайхан, тус хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва, “Мобифинанс ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Үнэнбат, андеррайтер “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар оролцож Хөрөнгийн биржийн үнэт цаасны 6597 дахь арилжааг эхлүүлсэн юм.
“Мобиком” группийн охин компани болох "Мобифинанс
ББСБ" ХХК нь энэ
сарын 8-нд 12
сарын хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн
нэрлэсэн үнэ бүхий 10,000 ширхэг нээлттэй бондыг Монпей аппликейшнээр дамжуулан
анхны дижитал хувилбараар анхдагч зах зээлд
гарган арилжаалж 1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Улмаар өчигдрөөс эхлэн хоёрдогч
зах зээлд арилжиж байна.
Сүүлийн жилд хөрөнгийн зах зээл идэвхижихийн хэрээр нээлттэй бонд гаргах компани, ААН-ийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал,
энэ онд Монголын Хөрөнгийн
биржид 4 компанийн 720 гаруй
тэрбум төгрөгийн бондыг
бүртгээд байна. Хоёрдогч
зах зээлд нийт 300 гаруй тэрбум төгрөгийн бонд арилжжээ.