Оманы тэнгист газрын тос хураах гэсэн АНУ-ын оролдлогыг таслан зогсоолоо гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-04 15:54:14

ТЕХРАН. /Reuters/. Оманы тэнгист Ираны нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг саатуулах гэсэн АНУ-ын оролдлогыг таслан зогсоолоо гэж тус улсын Лалын хувьсгалыг хамгаалах корпус мэдэгджээ.


"Лалын хувьсгалыг хамгаалах корпусын Тэнгисийн цэргийн хүчний цаг үеэ олсон, нэр төртэй үйл ажиллагааны ачаар Оманы тэнгист Ираны нефтийг хулгайлах гэсэн АНУ-ын флотын террорист ажиллагаа бүтэлгүйтлээ" гэж мэдэгдэлд дурдсан байна.


Харин АНУ-ын нэрээ нууцлахыг хүссэн албаны хүмүүс мэдэгдэхдээ, Ираны эрх баригчдын дээрх мэдээлэл үнэнд нийцэхгүй бөгөөд АНУ-ын цэргүүд нефть тээвэрлэгчийг саатуулах гэсэн оролдлого хийгээгүй гэжээ.


Үнэн хэрэгтээ өнгөрсөн сард Ираны цэргийнхэн Вьетнамын далбаан дор явж байсан газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг саатуулсан бөгөөд харин АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнийнхэн байдлыг зүгээр л ажиглаж байсан гэж алба хүмүүс онцлон тэмдэглэсэн байна.


Ираны эрх баригчид мөн Иран болон АНУ-ын цэргийн хооронд мөргөлдөөн болсон гэх дүрс бичлэгийг нийтэлжээ.

Связанные новости