Ираны цөмийн гэрээний талаарх хэлэлцээг үргэлжлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-11-04 15:38:16

ТЕХРАН. /France24/. Ираны цөмийн гэрээг сэргээх талаарх хэлэлцээ Австрийн нийслэл Вена хотноо 11 дүгээр сарын 29-нд үргэлжилнэ гэж Европын Холбооны /ЕХГадаад харилцааны албанаас лхагва гарагт мэдэгджээ.


“Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний хамтарсан комисс Венад 11 дүгээр сарын 29-нд биечлэн хуралдана. Энэхүү уулзалтыг ЕХ-ны Гадаад харилцааны бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррелийн өмнөөс Энрике Мора даргална” гэж уг мэдэгдэлд дурджээ.


Иран үүрэг амлалтаа биелүүлбэл цөмийн гэрээнд эргэн нэгдэнэ гэдгээ мэдэгдээд буй АНУ-ын хувьд Иран “нухацтай” хандвал тохиролцоонд хүрэх боломжтой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Ираны Гадаад хэргийн дэд сайд, цөмийн хэлэлцээ хариуцсан төлөөлөгч Али Бакери Кани мөн 11 дүгээр сарын 29-ний өдөр цөмийн хэлэлцээ үргэлжилнэ гэдгийг нотлон мэдэгджээ. Тэрбээр Э.Моратай утсаар ярих үеэрээ ийнхүү товлосон гэдгээ “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.


ЕХ-ны мэдэгдэлд дурдсанаар, гэрээнд оролцогч талууд болох Их Британи, БНХАУ, Франц, Герман, ОХУ-ын төлөөлөгчид хэлэлцээнд оролцох бөгөөд энэ үеэр АНУ-ын гэрээнд эргэн нэгдэх боломжийн талаар хийгээд талууд хэлэлцээрийг хэрхэн бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэх тухай хэлэлцэх ажээ.


А.Бакерийн хувьд “Twitter”-тээ, “Бид энэ сарын 29-нд Венад хууль бус, харгис хэрцгий хориг арга хэмжээнүүдийг цуцлах зорилго бүхий хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцоо” хэмээн бичжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2018 онд улс орноо цөмийн гэрээнээс гаргасан юм. 

Связанные новости