АНУ Хар болон Газрын дундад тэнгист тэнгисийн цэргийн ажиллагаа эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-30 11:01:47

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ Зургаадугаар флотын штабууд, тэнгисийн цэргийн цохилтын хүчин, НАТО-г дэмжих хүчин Хар ба Газрын Дундад тэнгист ажиллагаа эхлүүлжээ. Энэ тухай тус улсын ТЦХ-ий мэдэгдэлд дурдсан байна.


Штабууд Зургаадугаар флотын командын хөлөг онгоц болох “Mount Whitney” дээр байрлах аж. ““Mount Whitney” болон штабууд Газрын дундын тэнгис болон Хар тэнгис дэх НАТО-гийн түншүүд болон холбоотнуудтай хамтран ажиллаж, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахын тулд хамтран ажиллана” гэж мэдэгдэлд дурджээ. Тэнгисийн цэргийн ажиллагааны талаар үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Зургаадугаар флот мөн "Арли Бёрк" ангиллын "USS Porter" эскадрын мина тээвэрлэгч пуужинт хөлөг онгоцоо Хар тэнгис рүү илгээсэн тухай мэдээлжээ. Уг хөлөг онгоцыг илгээсэн нь зарлаад буй ажиллагаатай нь холбоотой эсэх нь тодорхойгүй байна. 


Төв байр нь Италийн Неаполь хотод байрладаг АНУ-ын Зургаадугаар флот нь тэнгисийн цэргийн бүрэн хэмжээний үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ихэвчлэн холбоотнууд, түншүүдтэй хамтран ажилладаг.


Долоодугаар сарын сүүлчээр ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ, бүс нутгийн бус тоглогчид Хар тэнгис дэх байдлыг зохиомлоор хурцатгаж байна гэж онцлон тэмдэглэжээ. Цэргийн хөлөг онгоцууд хоолойгоор дамжин өнгөрөхөд тавьж байж болзошгүй хяналтад ялангуяа Турк улс ихээхэн үүрэг гүйцэтгэж байна гэж тус яам цохон тэмдэглэсэн байна.


Босфор, Дарданеллын хоолойгоор хөлөг онгоцуудыг дамжин өнгөрөх хөдөлгөөнийг 1936 оны Монтрёгийн конвенцоор зохицуулдаг. Энэхүү баримт бичиг нь тайван цагт болон дайны үед ч бүх улс орны худалдааны хөлөг онгоцуудыг хоолойгоор чөлөөтэй дамжин өнгөрүүлэх тухай юм. Харин Хар тэнгисийн болон Хар тэнгисийн бус улс орнуудын хувьд байлдааны хөлөг онгоцууд дамжин өнгөрөх журам нь өөр байдаг аж. Байлдааны хөлөг онгоцуудын хувьд дамжин өнгөрөх төрөл ангилал, мөн байрлах хугацаа зэргийг ихээхэн хязгаарлажээ.


Связанные новости