Хятад улс 2025 он гэхэд Тайвань руу халдан ороход бүрэн бэлэн болно гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-06 17:17:13

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятад улс 2025 он гэхэд Тайванийг бүрэн хэмжээгээр халдан түрэмгийлэх боломжтой болно гэж тус арлын Батлан хамгаалахын сайд Цю Гоужэн парламентын хуралдаанд оролцохдоо мэдэгджээ.


Тэрбээр 8.6 тэрбум ам.долларын цэргийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр ийм мэдэгдэл хийсэн байна.


“Хятадын Коммунист намд Тайванийг довтлох хангалттай хүч байгаа хэдий ч одоогоор өндөр төлөөс төлөх хэрэгтэй болно. Харин 2025 он гэхэд энэ төлөөс багасах бөгөөд халдан ороход бүрэн бэлэн болно" гэж Цю Гоужэн хэлжээ.


Тэрбээр Тайванийн Батлан ​​хамгаалах яам шаардлагатай цэргийн бэлтгэлээ хангах ёстой гэж цохон тэмдэглэсэн байна. Түүний үзэж байгаагаар, Тайванийн хоолойн хоёр эргийн харилцаа одоо сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн хурцадмал үедээ байна. 


Тайванийн мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, 2025 он гэхэд “075” ангиллын шинэ үеийн десантын хөлөг онгоцуудыг флотынхоо бүрэлдэхүүнд оруулснаар хүчний тэнцвэр ХАЧА-ийн талд бүр ч илүү шилжих төлөвтэй байна. Одоогийн байдлаар ийм хөлөг онгоцуудын нэг болох “Хайнань”  ХАЧА -ийн Өмнөд флотод үүрэг гүйцэтгэж эхэлжээ. 


1949 оноос хойш Тайвань нь эх газрын Хятадаас тусдаа засаг захиргаатай явж ирсэн боловч Бээжингийн эрх баригчид тус арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үзсэн хэвээр байгаа юм.


Связанные новости