“Алдар”-ынхан Риогийн эрх авсан тамирчиддаа хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-07-04 14:56:20

“Рио 2016” зуны олимпийн наадам болоход нэг сар үлдээд байгаа бөгөөд өнөөдөр БХЯ-ны Зэвсэгт хүчний жанжин штабын өмнөх талбайд “Алдар” спорт хорооны тамирчиддаа амжилт хүсч хүндэтгэл үзүүлэв.

“Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадам энэ удаа Бразилын Рио де Жанейро хотноо болно. Одоогийн байдлаар Монгол Улсаас 40 гаруй тамирчин олимпийн наадамд оролцох эрхээ аваад байгаа юм.

Энэхүү хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа “Олимпийн наадам нь 4 жилд нэг удаа болдог спортын хамгийн том наадамд би 6 дахь удаагаа оролцох гэж байна. Энэ жил манай буудлага спортын тэмцээний дүрэмд өөрчлөлт орсны дагуу буу болон бусад тоног төхөөрөмжөө тохируулж бэлтгэл ажлаа хангаад байгаа. Амжилтаа бататгаж Монгол төрийнхөө далбааг Риогийн тэнгэрт мандуулахын төлөө хичээх болно” гэв.

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ П.Орхон, О.Үйтүмэн, Б.Мөнхзаяа, М.Анхцэцэг, А.Цолмон, П.Тэмүүжин, Б.Чинзориг, Х.Энх-Амар нар “Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох эрхээ авсан юм.

“Алдар” спорт хороо нь Монголын үе үеийн мянга мянган цэрэг эрсийн бие бялдар, өв тэгш хүмүүжлийг хангахын зэрэгцээ Монгол Улс, түүний Зэвсэгт хүчний нэр хүндийг олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд өндөрт мандуулсаар байгаа юм. Монголын нийгмийг манлайлагч, уриалагч, шинэчлэгч хүчин байж, эгнээнээсээ олон арван ардын болон гавъяат цолтон, үндэсний бөхийн аварга, арслан, гарьд, заан, начинг төрүүлсэн биеийн тамир, спортын анхдагч тэргүүлэгч байгууллага юм. 70 жилийн түүхтэй “Алдар” спорт хороо нь өнгөрсөн хугацаанд олимпийн наадмаас 13 мөнгө, хүрэл медальт тамирчныг төрүүлсэн түүхэнд бичигдэх гавьяатай хамт олон билээ.

Н.Отгончимэг

Связанные новости