О.Сэргэлэн: Манай улс тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэхэд илүүтэй анхаарах шаардлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2021 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Амьдрал бэлэглэе” донорын ач холбогдлыг таниулах өдөрлөг Д. Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.
Энэхүү өдөрлөгийн үеэр Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн ярихдаа, “Монгол Улсад мөрдөж буй эрхтэн, эд шилжүүлэн суулгах тухай хуульд хоёр төрлийн донор байдаг. Үүнд, тархины үхэлтэй донор болон амьд донор орно. Бид ихэвчлэн амьд донороос эрхтэн авч байна. Харин тархины үхэлтэй донороос эрхтэн авах нь чухал хэрэгцээтэй хэдий ч манай улсад бүртгэгдээгүй байна. Тархины үхэлтэй донороос зөвхөн элэг бус бөөр, зүрх, уушиг, яс, шөрмөс зэрэг олон төрлийн эрхтэн, эдийг авах боломжтой байдаг. Харамсалтай нь, ийм донор байхгүй учраас одоогоор элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амьд донороос хийж байна. Харин тархины үхэлтэй донороос авдаг бусад төрлийн мэс засал бүрэн зогссон. Тархины үхэлтэй донор болсноор тухайн хүн нас барсны дараа өөрийн эрхтнүүдийг хандивласнаар арван хүний амийг аварч, их буян үйлдэж чадна. Иймээс манай улс тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэхэд илүүтэй анхаарах шаардлагатай байна” гэв.
Монгол Улс 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн нь эрүүл мэндийн салбарын нэг дэвшил байсан. Улмаар 2011 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсэн бол 2014 оноос Монголд үүдэл эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн. Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 2011 онд эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулснаар олон хүнд амьдрал бэлэглэсэн. Өнөөдрийн байдлаар донороо хүлээж байгаа 1040 гаруй иргэн байна. Монгол Улс өнгөрсөн хугацаанд 375 иргэнд бөөр шилжүүлэн суулгасан байна. Харин 451 хүнд элэг, 34 хүнд ясны чөмөгний үүдэл эс шилжүүлэн суулгажээ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын 90 гаруй хувь нь амьд донор байгаа аж.
Донорын тухай хуульд зааснаар амьгүй донор гэдэг нь тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдан нас барсныг нь тогтоосны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогсыг хэлдэг. Манай улсад гэнэтийн ослоор жилд 600 гаруй хүн, тархинд цус харвах өвчнөөр 3000 гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаа зохицуулах албаны даргын мэдээллээр тархины үхэлтэй доноруудаас 72 хүнд эрхтэн шилжүүлэн суулгажээ.