Панжшерт гал зогсоох саналаас талибууд татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДОХА. /RIA Novosti/. "Талибан" хөдөлгөөн Панжшер муж дахь эсэргүүцэгчдийн удирдагч Ахмад Масудтай гэрээ байгуулахаас татгалзсан тухай Катарын Аль-Жазира суваг мэдээлжээ.
“Ахмад Масуд энх тайван тогтоох бидний саналаас өмнө нь татгалзсан. Одоо бидэнд түүнтэй яриад байх зүйл байхгүй” гэж “Талибан”-ы улс төрийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Хэрэв талибууд Панжшераас цэргээ гаргавал Үндэсний эсэргүүцлийн фронтын отрядууд галаа зогсооход бэлэн байна гэж Масуд ням гарагт фейсбүүк хуудсандаа бичжээ.
Наймдугаар сарын эхээр Афганистанаас АНУ-ын цэргүүд гарахтай зэрэгцэн талибууд томоохон хотууд руу дайрч эхэлсэн юм. Наймдугаар сарын 15-нд тэд Кабулыг бүрэн хяналтдаа авч, эрх мэдлийг булаан авсан бол тус улсын Ерөнхийлөгч асан Ашраф Гани эх орноосоо дүрвэн гарсан билээ.
“Талибан”-ы хяналтад ороогүй цорын ганц муж бол Кабулаас зүүн хойд зүгт орших Панжшер муж юм.
Талибуудын төлөөлөгч Билал Карими өмнө нь тус бүс нутаг "Талибан"-ы хяналтад орсон гэж мэдэгдсэн. Түүнчлэн өөрийгөө Афганистаны түр Ерөнхийлөгчөөр зарласан дэд ерөнхийлөгч Амрулла Салех, эсэргүүцэх хүчний удирдагч Ахмад Масуд нар зугтсан гэж Кабулын цагдаагийн газар дах эх сурвалж мэдээлжээ.
Гэсэн ч Салех дээрх мэдээллийг няцааж, эсэргүүцэл үргэлжилсээр байгаа бөгөөд тэрбээр улс орноо орхиогүй, Панжшерт байсаар байгаагаа мэдэгдсэн байна.