Зочид буудлын салбарын орлого 18.1 хувиар багасав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний хагас жилд 62.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 13.9 (18.1 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.
Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 7.5 (14.8 хувь)
тэрбум, зэрэглэлгүй зочид буудлынх 5.1 (21.4 хувь) тэрбум, 2 одтой буудлынх 1.3
(59.8 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Зочид буудлын салбарын орлогын энэ оны эхний хагас жилд 68.5
хувийг 3 ба түүнээс одтой зочид буудал, 30.1 хувийг зэрэглэлгүй зочид буудал,
амралтын газар, 1.4 хувийг 2 одтой зочид буудал эзэлжээ. Зочид буудлын салбарын орлогод 3 ба түүнээс
дээш одтой буудлын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 2.7 пунктээр нэмэгдэж,
2 одтойнх нь орлого 1.4, зэрэглэлгүй зочид буудлын орлого 1.3 пунктээр багассан
аж.
Түүнчлэн, зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс
(2015=100) энэ оны 2 дугаар улиралд 127.9 болж, үнэ өмнөх оны мөн үе болон
өмнөх улирлынхаас 1.6 хувь, өмнөх оны эцсийнхээс 2.2 хувиар багаслаа. Үүнд богино
хугацаагаар байр, сууцаар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн
үнэ 1.7 хувиар багассан нь нөлөөлжээ.