Жо Байден: Орос-Америкийн харилцаа тогтвортой, урьдчилан таамаглахуйц байх ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-29 15:34:27

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Москва, Вашингтоны харилцаа тогтвортой, урьдчилан таамаглахуйц байх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үзэж байна.


“Хоёр улсы харилцаа тогтвортой, урьдчилан таамаглахуйц байх ёстой бөгөөд бид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг хоёр улсын ашиг сонирхол нийцэж буй салбарт хамтран ажиллах боломжтой байх ёстой гэдгийг би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд тодорхой хэлсэн” гэж тэрбээр Ардчилсан намын Үндэсний хорооноос даваа гарагт цахимаар зохион байгуулсан хандив цуглуулах арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна. Түүний хэлсэн үгийн бичлэгийг Цагаан ордны хэвлэлийн алба нийтэлжээ.


Байден хоёр улсын хооронд үүссэн санал зөрөлдөөний талаар ярихдаа, “кибер халдлага гарах”, Америкийн эдийн засагт "хөндлөнгөөс оролцсон" тохиолдолд хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.


Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 16-нд Женевт болсон билээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагт "Коммерсантъ" сонин болон "Россия в глобальной политике" сэтгүүлд бичсэн нийтлэлдээ Путин, Байден нарын уулзалтын дараа Вашингтоны зүгээс хийж буй мэдэгдлүүд Швейцарийн нийслэл дэх уулзалтын үеэр илэрхийлж байсан Америкийн талын байр суурьтай нийцэхгүй байна гэж цохон тэмдэглэжээ. 



Связанные новости