Хонконг бол хамгийн өртөг өндөртэй хот

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-06-22 14:00:45

ХОНКОНГ./ВВС/. Зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг “Mercer” компани гадаадын иргэд амьдрахад хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг гаргахад Хятадын Хонконг Анголын нийслэл Луанда хотыг гүйцэж түрүүлэн нэгдүгээрт бичигджээ. Тус компани энэ жагсаалтаа жил бүр гаргадаг юм.

Сүүлийн жилүүдэд уг жагсаалтын нэгдүгээрт тасралтгүй бичигдсээр ирсэн Луанда хот Ангол улсын валютын ханш унасантай холбоотойгоор "тэргүүлэгчийн байр сууриа" алджээ.

Цюрих болон Сингапур өмнөх оныхтой адил жагсаалтын гурав болон дөрөвдүгээрт жагссан байна. Харин Токио тавдугаарт бичигджээ.

Дэлхийн 209 хот дахь амьжиргааны өртгийг 200 гаруй үзүүлэлт, тэдгээрийн дотор орон байр, тээвэр, хүнс болон хувцасны үнэ зэргээр харьцуулсны үндсэн дээр уг жагсаалтыг гаргадаг байна.

Конго улсын нийслэл Киншаса хот жагсаалтын зургадугаарт бичигдсэн аж. Энэ хот анх удаагаа жагсаалтын эхний 10-т багтжээ. Шанхай, Женев, Нжамена болон Бээжин жагсаалтын эхний 10-т багтсан байна.

Г.Доржханд

 

 

Связанные новости